Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг өнөөдөр Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хар тамхитай тэмцэх газраас танилцууллаа.
Тус газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг "Энэ онд 77 зөрчил бүртгэгдээд буйг өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал 42 буюу 55 хувиар өссөн үзүүлэлт. Зөрчлийн тоо өндөр гарлаа. Үүний 72 нь нийслэлд, тав нь орон нутагт бүртгэгдлээ.
Гэмт хэргийн тухайд хоёр мэдээлэл өгье. Нэгдүгээрт Хар тамхитай тэмцэх газар болон Гаалийн Ерөнхий Газраас Монгол Улсын иргэн гаднын иргэнтэй хамтран гадаад улсаас мансууруулах үйлчилгээтэй синтетик төрлийн бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж бусдад худалдан борлуулж байна гэх мэдээлэл авсан. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулж, гэмт этгээдийг дайчлан баривчилж, шалгахад мансууруулах үйлчилгээтэй 510 грамм бодис хурааж авсан. Энэ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын хоёрдугаарт жагсаалтад багтсан бөгөөд хурааж авсан бодис нь нэг удаад 2,500 хүнийг мансууруулах хэмжээнийх байлаа.
Уг бодис нь сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй метамфетамины төрлийнх байсан. Тухайн этгээдэд таслан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээ авсан. Уг этгээд өмнө нь Хар тамхитай тэмцэх газарт энэ төрлийн гэмт хэргээр гадуур шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна" гэв.
Гэтэл зарим иргэн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн зорилгоор гаднын иргэнтэй нийлж гэмт хэрэг үйлдвэл баригдана, зохих шийтгэлээ хүлээнэ гэдгийг ч сануулсан юм.
Харин хоёр дахь гэмт хэргийн талаар Цагдаагийн хурандаа Б.Батхуяг "Монгол Улсын дөрвөн иргэн ОХУ-аас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор мансууруулах үйлчилгээтэй их хэмжээний эмийг хууль бусаар хил нэвтрүүлж, Улаанбаатарт орж ирэхэд нь баривчилсан. Уг дөрвөн этгээдийн гурвыг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэг этгээдэд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Тус эм нь эмчийн энгийн жороор олгогддог ба хүүхэд залуус мансуурах зорилгоор эмнэлгийн бус, ахуйн нөхцөл урвуулан хэрэглэж мансуурдаг. Тухайн эм нь өвдөлт намдаах үйлчилгээтэй, хоногт нэгийг уудаг байтал 5-10 ширхгээр нь тарианы устай найруулж, судсаар тарьж байна. Ингэхдээ судаснаас гадуур тарих, судас бөглөрөх зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Ийм хор аюултай зүйлийг иргэд хууль бусаар зарж, борлуулахаар явж байгаад баригдсан" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!