Саяхан АНУ-д нэг зорчигч нислэгийн үеэр ариун цэврийн өрөөнд түгжигдсэний улмаас онгоц ослын буулт хийхээс өөр аргагүйд хүрсэн тохиолдол гарчээ.
Үүнтэй холбогдуулан Баасан гарагт Холбооны Нислэгийг Удирдах Газар (FAA) АНУ-д бүртгэлтэй Боинг компанийн 2,612 нисэх онгоцны ариун цэврийн өрөөний эвхэгддэг хаалганы түгжээг солих чиглэлийг авиа компаниудад өгсөн байна.
Тухайн үед ариун цэврийн өрөөний хаалганы түгжээ эвдэрсэн тул зорчигч гарах боломжгүй болж, бүхээгийн ажилтнууд гаднаас нь нээх гэж оролдоод ч чадаагүй тул ослын буулт хийж байжээ.
Энэ үеэр онгоц хүчтэй агаарын урсгалд орох, эсвэл түгжигдсэн зорчигчийн эрүүл мэнд муудсан бол “хүний амь эрсдэх ноцтой нөхцөл байдал” үүсэх байсан гэж FAA дүгнэсэн байна.
Солих шаардлагатай гэж үзсэн хаалганы түгжээний эд ангиудыг шинээр солих зардал нийтдээ $3.4 сая болохоор байгаа ажээ.
Ийм хэмжээний зардлыг онгоц үйлдвэрлэгч Boeing компани, агаарын тээвэрлэгч компаниудын аль нэг нь гаргахаар болж байна.
Ямартай ч FAA тавдугаар сарын 27-ноос өмнө авсан арга хэмжээнийхээ талаар мэдэгдэхийг хамаатай бүх талуудад үүрэг болгожээ.
Түгжээг солих шаардлагатай онгоцны жагсаалтад Boeing 737-700, 737-800, 737-900, 737-900ER, 737 Max 8, 737 Max 9 загварууд багтсан байна.
Ариун цэврийн өрөөний доголдолтой холбоотой онгоц ослын буулт хийх тохиолдол үе үе гардаг.
Өнгөрсөн сард Air India компанийн онгоц Чикаго хотоос хөөрснөөсөө хойш есөн цагийн дараа буцаж газардсан нь зорчигчдын хаясан хувцас, уут сав зэрэг эд зүйлс бохирын хоолойг бөглөсөнтэй холбоотой байв.
2024 оны хоёрдугаар сард KLM компанийн онгоцны есөн жорлонгийн найм нь нислэгийн үеэр бөглөрсний улмаас Атлантын далайн дундаас хөөрсөн буудал руугаа буцаж байжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!