Засгийн газар дотоодын зах зээлд бонд арилжаалах гэж буйтай холбогдуулан МҮЦАЭХ-ноос байр сууриа илэрхийллээ

Редакцын бус нийтлэл
2025 оны 4 сарын 11
Редакцын бус нийтлэл
Зураг зураг

- Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Энхбат: Монгол Улсын Засгийн газар ирэх долоо хоногт 10.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 6 болон 24 сарын хугацаатай үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах гэж байгаад баяртай байгаа. Учир нь засгийн газрын үнэт цаас нь сүүлийн 7 жилийн хугацаанд дотоодын зах зээл дээр арилжаалагдаагүйгээс шалтгаалан эрсдэлгүй өгөөжийг тодорхойлогч болох бенчмарк хүүгийн тогтолцоо санхүүгийн зах зээлд үндсэндээ алдагдсан.

Бид энэ хугацаанд Монголбанкны бодлогын хүүг бенчмарк хүү гэж үзэж ирлээ. Харамсалтай нь бодлогын хүү зөвхөн Монголбанк, арилжааны банк хоёрын харилцаанаас үүсдэг тул уг хүү нь  зах зээлийн нийт оролцогчдод бодит чиглүүлэг болж чадаагүй.

Харин Засгийн газрын үнэт цаасны арилжаанд банк, даатгал, хөрөнгө оруулалтын сан, компаниуд болон иргэд зэрэг бүх төрлийн хөрөнгө оруулагчид оролцдог тул уг хүүг зах зээлийн эрэлт нийлүүлэлт дээр тулгуурласан бенчмарк буюу “эрсдэлгүй хүү” хэмээн ойлгож болно.

- Өнгөрсөн хугацаанд яагаад Засгийн газар бонд гаргаагүй удсан гэж бодож байна вэ?

- Өөрсдөөс нь асуувал дээр байх. Миний бодлоор хэт их попролт, алсын хараа, төсвийн орлого, зардал зэргээс хамаарсан байх. Санаа нь төсвийн орлого боломжийн байхад заавал хүүтэй эх үүсвэр татах нь учир дутагдалтай байсан байж мэднэ. Гэхдээ бид энэ хугацаанд дотоод биш гадаад зах зээлд бонд гаргаж явсан шүү дээ. Анх 2012 онд Чингис бондыг 5 болон 10 жилийн хугацаатай олон улсын зах зээлд гаргахдаа жилийн 4.125 хувь болон 5.125 хувийн хүүтэй арилжаалсан нь том амжилт байсан. Энэ хугацаанд дотоод бондын хүүгийн түвшин 8 хувиас өсөж бид Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдах үед хүү 15-16 орчим хувь болсон байсан нь дотоод зах зээлээс эх үүсвэр татахад өндөр өртөгтэй болсон. Гэхдээ эргээд харахад ам.долларын ханшийн өсөлтөөс хамаарч бид хий эргээд явсан байна лээ. Тухайлбал 2012 онд долларын ханш 1,430₮ байсан бол Чингис бонд төлөгдөхөд 3,440₮ болсон байсан нь бондын зардлыг өсгөсөн гэхээр дүндээ дүн харагдаж байгаа юм.

- Цаашид Засгийн газрын үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах нь зөв үү ?

- Зөв гэж харж байна. Бид бүхэн мэдэж байгаачлан 2015 онд Грек улс дефолт зарлахад тэдний хамгийн том шалтгаан нь өр тэр дундаа гадаад өр байсан. Яг ижил нөхцөл байдалтай байсан Япон улсын өр нь гадаад биш дотоод өр байсан. Одоо зах зээлд өрнөөд байгаа Д.Трампын тарифын асуудал цаанаа АНУ-ын өртэй л ямар нэг байдлаар холбоотой. Санаа нь бид дотоод өрөөс болгоомжлох бус гадаад өрөөс болгоомжлох нь зөв гэж харж байна. Иймээс дотоодын засгийн газрын үнэт цаасны арилжаагаа хөгжүүлэх, тогтвортой эх үүсвэрийн суурийг тавих нь стратегийн хувьд зөв алхам юм.

Мөн төсвийн алдагдлыг богино хугацаанд санхүүжүүлэхээс гадна засгийн газрын үнэт цаасыг мөнгөний бодлогын хэрэгсэл хэлбэрээр ашиглавал төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулахад бага ч гэсэн нэмэр болох болов уу. 

- Шинээр гарч буй Засгийн газрын үнэт цаасны хүүгийн хүлээлт ямар байгаа вэ?

- Их сонирхолтой асуулт байна. Дотоод санхүүгийн зах зээлд  хүүгийн өрсөлдөөн яваагүй их удсан байна. (инээв) Хөрөнгө оруулагч нар одоо бараг мартсан байхаа. Засгийн газрын үнэт цаасны журмаар хүү нь ялгавартай болон нэгдсэн мөн уг хүү тогтохдоо өрсөлдөөнт болон өрсөлдөөнт бус байдлаар тогтоно. Ирэх долоо хоногт болох үнэт цаасны арилжааны хэмжээ 10.0 тэрбум төгрөг байгаа ба хүү нь 8.95-9.00 хувь дээр тогтох байх.

- Энэ хүү арай бага уу? Цаашид хүү хэрхэн тогтох бол?

- Арилжааны банкуудад бол боломжийн, харин бусад хөрөнгө оруулагч нарт бага хүү. Арилжааны банкнуудын хадгаламжийн хүү 12.0 орчим хувь, бондын зах зээл 17.0-19.0 хувь, ББСБ-ын эх үүсвэр татаж буй хүү 18.0-21.0 хувь байна. Арилжааны хэмжээ нэмэгдээд ирэхээр хүүгийн түвшин төрөлжинө. Ялангуяа Монголбанкнаас Төвбанкны үнэт цаасыг хязгаарлаад ирвэл зах зээл бүр сонирхолтой болж ирнэ. Банкнууд хөрвөх активаа байршуулах хэрэгцээ нэмэгдэх ба сонголт нь дотоодын зах зээлд арилжаалагдаж буй засгийн газрын үнэт цаас болоод компанийн бонд байх болно.  

- Өөр танд нэмж хэлэх зүйл байна уу?

- Засгийн газар өмнөх алдаагаа битгий давтаасай гэж хүсэж байна. Өмнө нь тэд 5, 8 жилийн хугацаатай бонд гаргаад хүүгээ энэ хугацаанд түгждэг байсан. Энэ нь эргээд Засгийн Газарт хүүгийн зардал нэмэх, нөгөө талаас хөрөнгө оруулагч нар урт хугацаанд хүүгийн эрсдэлд орох байдалтай байсан. Санаа нь Засгийн газар 5 жилийн хугацаатай бонд гаргаад, дахиад 5 жилийн хугацаатай бонд тодорхой хугацааны дараа гаргахдаа өмнөх бондоо шинэ хүүгээр солих хэрэгтэй. Жишээ нь өнөөдрийн АНУ-ын 30 жилийн хугацаатай бондын хүү 30 жилийн өмнөх хүү биш байдаг. Энэ жишгээр бид явах хэрэгтэй. Тэгвэл банкууд 10 жилийн хугацаатай бонд авах ба энэ эх үүсвэрээр том төслүүдээ хэрэгжүүлж чадвал улс л хожно.

- Ярилцсанд Баярлалаа.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.