"Ямар төсөл санхүүжүүлэхийг Хөгжлийн Банкны ТУЗ болон гүйцэтгэх удирдлага шийддэг байсныг болиулна"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Хөгжлийн Банк засаглалаа сайжруулах, хараат бус, бие даасан байдлыг нэмэгдүүлэх, үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх зорилготой Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах анхны хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Энэ үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа хуулийн төслийн талаар дараах зүйлсийг танилцууллаа. 

Хуульд орох гол өөрчлөлтүүд: 

Арилжааны банк ашгийн төлөө явдаг бол Хөгжлийн Банканд мөнгөн ашиг биш эдийн засгийн үр нөлөө нь илүү учир энэ чиглэлээр хуульдаа өөрчлөлт оруулж байгаа аж.

Төсөл болгоныхоо зорилго зорилтод нийцсэн санхүүгийн цогц бүтээгдэхүүн, санхүүгийн арга хэрэгслийг ашиглах ба аливаа төслийг 100% хүртэл санхүүжүүлэхгүй 85% хүртэл санхүүжүүлж, төсөл санаачлагчийг хариуцлагатай байлгах үүднээс 15 хүртэл хувийг нь өөрөөр нь гаргуулахаар тусгажээ. 

Санхүүжилтийн шийдвэр гаргалтыг ТУЗ дээр хийхгүй. Дүрэм журамдаа нийцүүлээд өөрсдөө гаргана. 

Засаглалын хувьд хоёр хараат гишүүнийг Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яамнаас оруулна. Бусад хүмүүсийг мэргэжлийн шалгуураар нээлттэй сонгон шалгаруулдаг болох өөрчлөлтүүдийг хийж боловсруулсан байна. 

  ОДООГИЙН ЗОХИЦУУЛАЛТ ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТ 
ҮНДСЭН ЗОРИЛТ ЭДИЙН ЗАСГИЙН АШИГ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР НӨЛӨӨ
ҮЙЛ АЖИЛЛАГАА ТӨРӨЛЖСӨН /АРИЛЖААНЫ/ БАНК ХӨГЖЛИЙН ИНСТИТУТ -ЭКСИМ БАНК
БҮТЭЭГДЭХҮҮН&САНХҮҮЖИЛТИЙН ДҮН  ХАТУУ ШААРДЛАГУУДАД Л НИЙЦСЭН ТӨСЛҮҮДЭД ЗОРИУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН& ТӨСЛИЙН 100% ХҮРТЭЛ ТӨСЛИЙН ЗОРИЛГО, ҮР ДҮНД НИЙЦСЭН САНХҮҮЖИЛТИЙН БҮТЭЭГДЭХҮҮН&ТӨСЛИЙН 85% ХҮРТЭЛ
ТӨСЛИЙН ХЯНАЛТ  ТОДОРХОЙ ДАВТАМЖТАЙ ГҮЙЦЭТГЭЛИЙН ХЯНАЛТ ТӨСЛИЙН ҮЕ ШАТ БОЛГОНД ХЯНАЛТ МОНИТОРИНГ ХИЙНЭ 
НОГООН САНХҮҮЖИЛТ ТОДОРХОЙГҮЙ ТОДОРХОЙЛСОН /БАГЦЫН 10% ХҮРТЭЛ/
ТУЗ-н ЭРХ, ҮҮРЭГ  САНХҮҮЖИЛТИЙН ШИЙДВЭР ГАРГАЛТ СТРАТЕГИ, БОДЛОГО, ХЯНАЛТ
ЗАСАГЛАЛ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙН ТОМИЛГОО  2  ХАРААТ  ГИШҮҮНИЙГ БОДЛОГООР, БУСАД НЬ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
УДИРДЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ШИЙДВЭР ГАРГАЛТ ХАНГАЛТГҮЙ МЭРГЭЖЛИЙН
ЭРСДЭЛТЭЙ АКТИВЫН УДИРДЛАГА ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ОУ-н ЖИШИГТ НИЙЦСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА 

Үндсэн зарчим, шаардлага, хяналт, ил тод байдал, хараат бус байдал зэргийг тодорхой тусган, Эксим банкны зарчмаар үйл ажиллагаагаа явуулж, төслүүдийн эдийн засгийн ашгаас илүүтэй үр нөлөө, өгөөж, санхүүжилтийн ашигт байдлыг үнэлж, дүгнэх зохицуулалтын механизмыг бий болгохыг чухалчилсан байна.

Эдийн засгийн үр ашиггүй төсөл, хөтөлбөр, арилжааны банкнуудаас олгосон чанаргүй зээлийг дахин санхүүжүүлсэн нь банкны санхүүгийн үзүүлэлтүүд хүндрэх нөхцөлийг үүсгэжээ

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн анх 2011 онд баталсан байдаг ба 2017 онд шинэчлэн баталжээ. Тус шинэчлэн баталсан буюу өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн 5.1-д Монгол Улсын Хөгжлийн банкны зорилгыг "Үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх" гэж тусгасан. Ингэхдээ "тэргүүлэх салбар" гэдэгт ямар төсөл, хөтөлбөрийг хамруулан санхүүжүүлэхийг Хөгжлийн Банкны ТУЗ болон гүйцэтгэх удирдлага дур мэдэн шийдвэрлэх боломжтой болжээ. 

Үүний улмаас 2017 оноос хойш Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн дийлэнх нь зорилгод хамаарахгүй, арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой, эдийн засгийн үр ашиггүй төсөл, хөтөлбөрүүдийг, эсхүл арилжааны банкнуудаас олгосон чанаргүй зээлийг дахин санхүүжүүлж, улмаар банкны санхүүгийн үзүүлэлтүүд хүндрэх нөхцөлийг үүсгэсэн байна.

Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлт зээлийн чанар зэргээс харахад банк нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэх боломжгүй байгаа аж. Үүнд нөлөөлж буй шалтгаанууд болон авах шаардлагатай арга хэмжээг дараах байдлаар тайлбарлажээ. 

Хуулийн 10.1-д Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт тавигдах шаардлагыг тодорхойлохдоо хэт ерөнхий бөгөөд хатуу байдлаар тодорхойлсон нь тус банкнаас төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх бодлого, стратегийг хэрэгжүүлэх төслийн бүтэц, санхүү, хөрөнгө оруулалтын тооцоолол, гадаад дотоодын зах зээлийн өөрчлөлт зэрэг нөхцөл байдалтай нийцүүлж, уян хатан тодорхойлох боломжгүй болгосон.

  • Тиймээс Хөгжлийн банк өөрийн үйл ажиллагааны стратеги, ажил, үйлчилгээний онцлогт нийцсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт, эрсдэлийн болон дотоод хяналтын бодлого, журмыг боловсруулж, баталдаг, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг байх боломжийг хуулиар бүрдүүлэх нь зүйтэй байна.
  • "Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах эдийн засгийн өсөлтийг бий болгох, экспортыг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж, экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн цогц үйлчилгээ үзүүлэх" хэмээн тусгаж, эрхлэх санхүүгийн ажил, үйлчилгээг нарийвчлан тодорхойлох шаардлагатай байна. Ингэснээр Хөгжлийн банкны экспорт, импортын санхүүжилтийг бодитой, үр дүнтэй эрхлэх хууль зүйн боломж бүрдэх юм.

"Бодлогын банкны хувьд банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн оролцогчидтой хамтарч санхүүгийн зах зээлийн дутуу орон зайг нөхнө"

Хуулийн 23.2-т "Засгийн газар Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан батлахгүй" гэж зааснаас хойш Хөгжлийн банкнаас 1.6 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний шууд санхүүжилтийг олгосон боловч үүнээс нэр бүхий 3 төслөөс бусад нь "тухайлсан нэг корпорацын буюу байгууллагын санхүүжилт"-ийн хэлбэртэй байна.

  • Энэхүү нөхцөл байдлыг арилгахын тулд банкны үйл ажиллагааг дотоодын санхүүгийн байгууллагын зах зээлд өрсөлдөх бус, харин бодлогын банкны хувьд банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн оролцогчидтой хамтарч, тэдний гүйцэтгэж хараахан чадахгүй байгаа сегмент дээр хамтарсан санхүүжилтийн арга хэрэгслээр оролцон санхүүгийн зах зээлийн дутуу орон зайг нөхөх замаар Монгол Улсын санхүү, эдийн засгийн орчны тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой байхаар тодорхойлох нь зүйтэй юм.
  • Монгол Улсын Хөгжлийн банк нь төрөлжсөн банкны нэг хэлбэр тул түүний үйл ажиллагаанд Хяналтын арилжааны банкнаас ялгаатай тогтолцоо бий болгох шаардлагатай бөгөөд Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанк болон дотоод аудитын байгууллагын хяналтын чиг үүргийг зааглаж, нарийвчлан тогтоож арилжааны банкийг хянадаг аргачлалаар хянаж, зохицуулдаг байдлыг өөрчилж, төслүүдийн эдийн засгийн үр нөлөө, өгөөж, санхүүжилтийн ашигт байдлыг үнэлж, дүгнэх зохицуулалтын механизмыг бий болгох шаардлагатай.

Өнөөгийн нөхцөлд Хөгжлийн банкны засаглалын зарчим алдагдаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн чиг үүргийг банкны бодлогын шийдвэрээс гадна захиргаа, хүний нөөцийн болон дотоод үйл ажиллагаанд оролцуулахаар хэт өргөн хүрээтэй тодорхойлж, гүйцэтгэх захирлын өөрийн багийг бүрдүүлж, үйл ажиллагаандаа бүрэн хариуцлага хүлээх боломжгүй байна.

  • Үүнийг Компанийн тухай хууль болон Олон улсын компанийн сайн засаглалын зарчимд нийцүүлж, Төлөөлөн удирдах зөвлөлийн чиг үүргийг "Банкны урт, дунд хугацааны хөгжлийн стратегийг оновчтой тодорхойлдог, энэ хүрээнд банкнаас баримтлах зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын бодлого журмыг баталж, банкны үйл ажиллагаа хэвийн, тогтвортой үргэлжлэх нөхцөлийг хангахад чиглэсэн эрсдэлийн болон хяналт, нийцлийн тогтолцоог бүрдүүлэх, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавьдаг байх"-аар тодорхой тусгаж, одоогийн үүсэж байгаа зөрчлийг арилгах шаардлагатай.

Бусад улсын туршлагаас үзэхэд Хөгжлийн санхүүгийн байгууллагууд нь тодорхой зорилготойгоор (экспортын чадамжтай болгох г.м) сонгож авсан ирээдүйд өсөлт аврах салбарыг дэмжсэн төсөлд хөрөнгө оруулалт хийх, экспортын даатгал, баталгааны үйлчилгээ үзүүлэх, арилжааны бус нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээгээр, салбарын жижиг, дунд хэмжээний бизнесийг дэмжих зэрэг үйлчилгээг өргөн хүрээнд үзүүлж үйл ажиллагаагаа явуулдаг байна.