АНУ-ын засаг захиргаа тус улсад нэвтрэх цагаачид, виз хүсэгчдийн сошиал хаягийг шалгадаг болж байгааг өчигдөр зарлажээ.
Үүний зорилго нь тухайн хүн антисемитист (жүүдийн эсрэг үзэл) үйл ажиллагаанд оролцож байсан эсэхийг нягтлан шалгах гэнэ.
Трампын засаг захиргаа сүүлийн саруудад Израиль улсын Газын зурваст явуулж буй дайныг эсэргүүцэгч, Палестиныг дэмжигч хувь хүмүүс, байгууллагуудын эсрэг арга хэмжээ авч эхлээд байгаа.
“Өнөөдрөөс эхлэн АНУ-ын Иргэний Харьяалал, Цагаачлалын Алба (USCIS) гадаадын иргэдийн сошиал орчин дахь антисемитист үйл ажиллагааг анхаарч, жүүд хүмүүсийн бие махбодод халдсан, дарамталсан үйлдлийг хилээр нэвтрүүлэхээс татгалзах үндэслэл болгож байна” гэж тус улсын дотоод хэргийн яам мэдэгджээ.
Энэ алхам нь одоо АНУ-д хууль ёсны дагуу оршин сууж буй хүмүүс, гадаадын оюутнууд, антисемитист үйл ажиллагаатай холбоотой боловсролын байгууллагад суралцагчдад шууд үйлчилж эхлэх юм байна.
“Дэлхийн алан хядагчдыг өрөвдөж, өмгөөлж буй хүмүүст АНУ-д нэвтрэх орон зай байхгүй” гэж дээрх мэдэгдэлд өгүүлжээ.
Трампын засаг захиргаа одоо Палестиныг дэмжигч зарим гадаадын оюутнуудыг албадан гаргах, визийг нь цуцлах, антисемитист үйл ажиллагааг дэмжсэн их сургуулиудын холбооны засгийн газраас өгдөг санхүүжилтийг танахаа анхааруулах зэрэг арга хэмжээ авч эхлээд байгаа.
Дээрх шийдвэрийг үг хэлэх эрх чөлөөг боомилсон, цагаачдыг ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж үзэж байгаагаа хүний эрхийг хамгаалах байгууллагууд мэдэгджээ.
Тэдгээрийн дотор зарим Жүүдийн байгууллага, нийгэмлэгүүд ч багтсан байна.
Тухайлбал FIRE (Foundation for Individual Rights and Expression) байгууллага Трампыг “цензурын практикийг албан ёсны болголоо” хэмээн буруутгажээ.
Антисемитизмийн эсрэг тэмцэгч Nexus Project байгууллага жүүдийн эсрэг үзэлтэй тэмцэх нэрийн дор цагаачдын эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж, антисемитизмийг гадаадаас импортлогдсон зүйл мэт ойлгогдохоор болгож байгаа Трампын засаг захиргааг шүүмжилсэн байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
|