Кремль: Украины дайныг зогсоох АНУ-ын саналыг Путин дэмжиж байгаа ч тодорхойгүй асуултуудад хариулт хүлээсээр байна

Т.Давааням, ikon.mn
2025 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Украины дайныг зогсоох АНУ-ын саналыг дэмжиж байгаа ч уг санал хэрхэн хэрэгжих талаар олон асуултын хариуг хүлээж байгаа тухай Кремлийн хэвлэлийн алба Даваа гарагт мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөсөө хойш Украин-Оросын дайны галыг яаралтай зогсоохоор ажиллаж байгаа ч үр дүн гарахгүй байгаа.

“Дайныг галыг зогсоох шаардлагатайг Путин хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ үүнээс өмнө олон асуултын хариуг авах хүсэлтэй байна. Эдгээр асуултуудын хариуг одоогоор хэн ч өгөөгүй байна” гэж Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков хэлжээ.

Ингэхдээ тэр бас ахиц дэвшил гарахгүй байгаа нь “Киевийн дэглэмийн хяналтгүй, замбараагүй байдалтай холбоотой“ гэж буруутгасан байна.

Аливаа энхийн гэрээ нь Украины ирээдүйн талаар Орос болон Өрнөдийн зөрчил, Зөвлөлтийн задралын дараах НАТО-гийн тэлэлт зэрэг өнөөдрийн асуудлын суурь шалтгаануудыг шийдвэрлэх ёстой гэж Оросын тал үзэж байгаа юм.

Кремлийн мэдэгдлийн хариуд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “гал зогсоох бодитой бус нөхцөл болзол тавих замаар дайныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гэж Путинийг шүүмжилжээ.

Сүүлийн үед Трамп дайныг зогсоох хүчин чармайлтыг нь дэмжихгүй байгаа Путинийг буруутгах болсон.

Тэрбээр Ням гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа “Бид Оросын талтай ярилцаж байгаа. Бид тэднийг зогсоохыг хичээж байна. Гэвч бөмбөгдөлт үргэлжилсээр байна” гэж ярьжээ.

Баасан гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ерөнхийлөгчөө “эцэс төгсгөлгүй яриа хэлэлцээний урхинд орохгүй” гэж мэдэгдсэн юм.

“Оросын тал энх тайван тогтоох асуудалд хэр нухацтай хандаж байгааг бид сарын дараа биш, хэдхэн хоногийн дараа мэдэх болно” гэж тэр НАТО-гийн гадаад хэргийн сайд нартай Брюссель хотод уулзах үеэрээ хэлжээ.

Үүнээс гадна Украины төлөөлөгчид ашигт малтмалын хамтын ажиллагааны гэрээ байгуулах асуудлаар АНУ-ын талтай уулзахаар Вашингтонд очих гэж байгааг Киевийн албаны эх сурвалж Даваа гарагт мэдээлжээ.

“Энэ долоо хоногт Украин улс төлөөлөгчдөө Вашингтонд илгээж, ашигт малтмалын ховор нөөцийн асуудлаар АНУ-ын талтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно” гэж тус улсын эдийн засгийн сайд Юлия Свириденко сошиал хуудсандаа мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
11
Зураг
ХАХА
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа