Трампын зөвлөх хэвлэлд өгсөн ярилцлагадаа Илон Маскийг “автомашин угсрагч” гэж хочилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны ахлах зөвлөх Питер Наварро өчигдөр CNBC сувагт өгсөн ярилцлагадаа тэрбумтан Илон Маскийг “автомашин угсрагч” гэж хочилжээ.

Трампын худалдааны дайны гол архитекторыг Наварро гэж үздэг.

Дэлхийн ихэнх улс орны АНУ-д нийлүүлдэг бараанд импортын татвар оноох шийдвэрээ Трамп зарласны дараахан Илон Маск видео холбоогоор Италийн эвслийн засгийн газрыг бүрдүүлэгчдийн нэг болох хэт барууны үзэл баримтлалтай Лига намын их хуралд оролцож, үг хэлсэн юм.

Энэ үеэр тэр Европ, АНУ-ын хооронд “тэг татвартай худалдааны чөлөөт харилцаа” үүсгэх сонирхолтой байгаагаа ярьжээ.

Тэгвэл Наварро энэ санааг эрс няцааж, Маск хэдийгээр Трампын засаг захиргааны үйл ажиллагааг оновчтой болгох үүргээ сайн биелүүлж байгаа ч гадаад худалдааны асуудалд ердийн автомашин үйлдвэрлэгчийн байр сууринаас хандаж байгааг нь шүүмжилсэн байна.

зураг
 
Питер Наварро

“Гадаад худалдаа, татварын асуудал дээр Цагаан ордныхон, Америкийн ард түмэн нэгдсэн ойлголттой байгаа. Харин Илоны хувьд тэр ердийн автомашин үйлдвэрлэгч, бүр үйлдвэрлэгч ч биш, автомашин угсрагч хүн” гэж Наварро хэлээд Тесла компани ихэнх эд ангиа Япон, Хятад, Тайвань зэрэг улсуудаас авч угсардаг болохыг тайлбарлажээ.

“Тэр бол автомашины хүн. Тийм болохоор тэр гадаадаас эд ангиудаа хямдхан авахыг л бодож байгаа” гэж Наварро хэлсэн байна.

Наваррогийн ярьсан зүйл нь Илон Маск болон Трампын хүрээнийхний дунд зөрчил нэмэгдэж байгаагийн нэг илрэл юм. Нөгөө талаар Трампын худалдааны дайн Теслагийн бизнест сөргөөр нөлөөлж байгааг харуулж байна.

Трампын зарласан худалдааны дайны улмаас АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд сүүлийн өдрүүдэд дараалан унаад байгаа.

Тесла компанийн хувьцааны ханш Даваа гарагийн арилжааны нээлтийн үеэр $227.32 байсан нь сүүлийн 52 долоо хоногийн оргил үеийнхээ тал орчимд л байгаа юм.

Автомашиныг АНУ-д бүрэн үйлдвэрлэдэг болгох нь Трампын засаг захиргааны бодлого болохыг Наварро өчигдөр илэрхийлсэн байна.

“Бид дугуйг Акронд, араа дамжуулагчийг Индианаполист, хөдөлгүүрийг Флинт болон Сагинауд хийдэг болмоор байна. Бид энд автомашин үйлдвэрлэдэг болмоор байна. Бид Илонтой энэ тал дээр л санал зөрөлдөж байгаа юм” гэж тэр хэлжээ.

 

Эх сурвалж: Reuters