Хил орчмын тосгодоо хамгаалахын тулд Украины цэргүүд Оросын Белгород мужийн нутагт байлдааны ажиллагаа явуулж байгааг ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр анх удаа хүлээн зөвшөөрчээ.
Найман сарын өмнө Украины зэвсэгт хүчин Оросын Курск мужид нэвтэрч, нэлээд хэмжээний газар нутагт хяналтаа тогтоож байв.
Сүүлийн сар хүрэхгүй хугацаанд Оросын арми алдсан газрынхаа ихэнх хэсгийг буцааж авсан юм.
Даваа гарагийн ээлжит мэдэгдэлдээ Зеленский тус улсын армийн командлагч Олександр Сырский өөрт нь “фронтын шугам, Курск болон Белгород мужууд дахь манай байрлалуудын нөхцөл байдлын талаар” танилцуулсан тухай дурджээ.
“Бид дайсны хил орчмын бүс нутагт идэвхтэй ажиллагаа явуулж байгаа бөгөөд ингэх бүрэн үндэслэлтэй юм. Дайн ирсэн газар руугаа буцах ёстой. Бидний гол зорилго хэвээр байгаа. Энэ бол Сумы, Харьков мужид газар нутаг, ард иргэдээ Оросын эзлэн түрэмгийлэгчдээс хамгаалах” гэж тэр мэдэгдсэн байна.
Сүүлд тэр Украины армийн 225 дугаар ангийн явуулж буй үйл ажиллагааны талаар дурдаж, тэдний гаргасан амжилтад баяр хүргэжээ.
Сүүлийн өдрүүдэд Курск мужид хяналтдаа аваад байсан газар нутгийг Оросын талд алдсан ч энэ ажиллагаа нь Донецк дахь үндсэн фронтоос дайсны хүчийг татуулах зорилгодоо хүрснийг Зеленский тайлбарласан байна.
“Курскийн ажиллагааны үр дүнд бид фронтын бусад шугам, ялангуяа Донецк орчимд дайсны үзүүлэх дарамтыг бууруулж чадсан” гэж тэр хэлжээ.
Оросын блогчид бас Белгород мужийн нутагт Орос, Украины цэргүүдийн хооронд тулаан өрнөж буйг баталж байгаа.
Ням гарагт ОХУ-ын батлан хамгаалах яам Курсктэй хил залгаа Украины зүүн хойд Сумы мужийн Басивка тосгоныг цэргүүд нь эзэлсэн тухай мэдээлж байв.
Харин өчигдөр Украины армийн хэвлэлийн төлөөлөгч энэ мэдэгдлийг няцаасан байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин өмнө нь өөрийн хил залгаа Украины нутаг дэвсгэрт буферийн бүс байгуулахыг зэвсэгт хүчиндээ олон удаа сануулж байсан юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
121 СЭТГЭГДЭЛТЭЙ
|