Ирландын нийслэл Дублин хотын захиргаа өөрийн алдартай хөшөөнүүдийн нэг болох Молли Мэлоун хэмээх эмэгтэйн хөшөөг хүмүүсийн халдлагаас хамгаалахын тулд харуул зогсоохоор болжээ.
Уг хөшөөний хөхөнд гараа хүргэвэл “аз тохионо” гэсэн яриа байдаг. Үүний улмаас хөшөөний цээж хэсэг хүмүүсийн гарт элэгдэж мууджээ.
Дублин хотын захиргаа тавдугаар сард хүмүүсийн энэ үйлдлийг хориглохын тулд туршилтаар хөшөөний дэргэд нэг долоо хоногийн хугацаанд харуул зогсоохоор болсон байна.
Бас хүмүүсийн гарт элэгдсэн хөшөөний хэсгийг сэргээн засварлах арга хэмжээ авахаар болжээ.
“Дублин хотын зөвлөл эвдрэл гэмтэл, өндөр өртөгтэй засвараас зайлсхийхийн тулд дотор болон гадна орчинд байрладаг ямар ч хөшөө дурсгал, урлагийн бүтээлд хэний ч гарыг хүргэхийг хүсэхгүй байна. Хөшөөний намхан суурь, чөлөөтэй орон зай нь олон хүн цугларах боломж олгодог бөгөөд аялал жуулчлалын нэг үзмэр болдог юм” гэж хотын захиргааны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Хөшөөг нүүлгэх, хаших, суурийг өндөрсгөх зэрэг хүмүүсийн гараас холдуулах бусад шийдлүүдийг судалж байгаагаа хотын захиргаа бас мэдээлжээ. Гэхдээ эдгээр нь өртөг өндөртэй тул аль болох хөдөлгөлгүйгээр асуудлыг шийдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
“Тавдугаар сард зохион байгуулах туршилтын долоо хоногийн үеэр хөшөөтэй зөв харьцахыг хүмүүст зааж сургаж, яагаад гар хүрдэг болсон шалтгааныг судлах болно” гэж мэдэгдэлд дурджээ.
Үүний дараа ямар арга хэмжээ авахаа шийдэх юм байна.
Ирландын нийслэлийн гудамжинд далайн хясаа зарж амьдардаг байсан домогт эмэгтэйн дурсгалыг хүндэтгэх зорилгоор Молли Мэлоуны хөшөөг 37 жилийн өмнө босгож байжээ.
Энэ хүн бодит хүн, эсвэл зохиомол дүр эсэх нь тодорхойгүй байдаг ч Дублины ажилчин ангийн төлөөлөл болсоор ирсэн юм.
Ирландын ард дуунд бас ийм эмэгтэйн тухай өгүүлдэг. Домогт өгүүлснээр Молли гудамжинд удаан зогссоны улмаас өвчилж нас барсан ч сүнс нь Дублины гудамжаар тэргээ түрэн алхсаар байдаг гэнэ.
Түүнийг өдөр нь далайн бүтээгдэхүүн зарж, шөнө нь биеэ үнэлдэг байсан гэх яриа ч хүмүүсийн дунд байдаг.
Барималч Жанна Ринхартын энэ бүтээлийг анх 1988 онд Дублин хотын Графтон гудамжинд байрлуулж байжээ. Сүүлд трамвайн шугам байгуулахын тулд хөшөөг ойролцоох Гэгээн Эндрьюсын гудамжинд шилжүүлэн байрлуулсан байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!