Оросын анхны бүс нутаг хүүхэд төрүүлсэн дунд сургуулийн сурагчдыг урамшуулах хөтөлбөр зарлажээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын төв бүсийн Орёл муж хүүхэд төрүүлсэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мөнгөн урамшуулал олгодог улсынхаа анхны засаг захиргааны субъект болжээ.

Орёлыг оролцуулаад Оросын 40 муж энэ оноос эхлэн хүүхэд төрүүлсэн эмэгтэй оюутнуудад хамгийн багадаа 100,000 рублийн ($1,200) тэтгэлэг олгодог болсон юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Орёл мужийн захирагч Андрей Клычков энэ хөтөлбөрөө өргөжүүлж, ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх захирамж гаргажээ.

Захирагчийн шийдвэр нэлээд дуулиан тарьсан юм.

Өчигдөр буюу Даваа гарагт Клычков шийдвэрийг нь хэтрүүлэн мэдээлж, дуулиан болгож байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг шүүмжилж, ийм хөтөлбөрийг Оросын бүс нутгуудаас ганцхан Орёл муж нэвтрүүлээгүйг тайлбарлажээ.

Түүний баталснаар ОХУ-ын хөдөлмөрийн яам ийм арга хэмжээ авах чиглэлийг бүх бүс нутгийн удирдагчдад өгсөн гэнэ.

“Ийм асуудалтай тулгарсан залуу охид бүсгүйчүүдийг ойлгох нь чухал гэж би хувьдаа бодож байна. Бид хүүхдийн болон эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалахад туслах үүрэгтэй” гэж тэр Телеграм хуудсандаа бичжээ.

Орос улсын хүн ам зүйн хямрал Украины дайны улмаас улам гүнзгийрээд байгаа тул Москвагийн эрх баригчид төрөлтийг дэмжих өргөн хүрээний бодлого явуулж байгаа.

Ерөнхийлөгч Путин төрөлтийг нэмэгдүүлэх ажлыг засгийн газрынхаа нэн тэргүүний зорилго болгож, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг “стандарт” болгохыг уриалсан.

Мөн “хүүхэдгүй амьдралын хэв маяг” сурталчлахыг “экстремист үзэл суртал”-д тооцож, буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцдог болсон.

ОХУ-д төрөлтийн хувь хэмжээ сүүлийн 25 жилийн хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа. Үүнтэй зэрэгцэн нас баралтын тоо тасралтгүй өсөж байна.

2000 оноос хойш Орёл мужид хүн амын тоо байнга буурч, өнөөдрийн байдлаар 700,000 хүрэхгүй хэмжээнд хүрчээ. Тус муж ОХУ-ын субъектүүд дотор хүн амын тоогоор сүүлээсээ 23 дугаарт жагсаж байна.

 

Эх сурвалж: The Moscow Times

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
91
Зураг
ТЭНЭГЛЭЛ
41
Зураг
ХАХА
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ГАЙХМААР
5
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
БУРУУ
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа