Улаанбаатар хотод худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд зөвшөөрлийн оронд мэдэгдэл гэдэг өөрчлөлт орж, дүүргүүдэд шилжүүлжээ. Иргэн, ААН худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтээ гаргахад цахимаар мэдэгдэл очиж, үйл ажиллагаагаа эхлүүлж болох юм байна.
Хотоос өгдөг бүх зөвшөөрөл дүүргүүдэд шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн удирдах ажилтнууд дүүргүүдийг мэргэжил арга зүйгээр хангаж, заавар, зөвлөмж өгөх үүрэгтэй болжээ.
Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Хотод худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох юмтай ноцолдож байхын оронд бүгдэд нь аяга тавгийн стандарт, уураар буцалгадаг юм ав гээд миний захирамжийг явуул л даа.
Нийслэлийн удирдах ажилтнууд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлүүдийг дүүргүүдэд шилжүүлж, арга зүйгээр хангаж, бодлогыг тодорхойлно.
Дүүргүүдээс зөвшөөрөл олгоход хүнд сурталтай гэж байна. Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрөл гэж байхаа больж, мэдэгдэл гэдэг процесс бий болсон. Нийслэлээс олгодог зөвшөөрлүүд мэдэгдлээр очдог болж байна. Иргэн, ААН хүсэлт гаргахад notification/мэдэгдэл/ очно, өөр ямар ч үйлдэл байхгүй.
Манай төрийн албан хаагчдад хүсэлт гаргагчдаар заавал гуйлгадаг нийтлэг харилцаа өнөөдрийг хүртэл тасрахгүй байна. Цалингаараа түвшиндээ ажиллаж чадахгүй гэж байгаа хүн байвал төрийн албанаас чөлөөлж, зоримог өөрчлөлт хийнэ" гэж өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр сануулжээ.
Шинэ журмаар иргэн, ААН үйл ажиллагаа явуулах асуудлаар бүртгүүлэх биш дүүргийн болон журамд заасан байгууллагын холбогдох нэгжид мэдэгдсэнээр эрх нь нээгддэг байх, нэгж нь ирүүлсэн материалыг хянаж, цахим системээр бүртгэснийг мэдэгдэх, материал дутуу байвал нөхөж авах юм байна.
Бүртгэл хийнэ гэж дүүргийн засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөр хэлэлцдэг байсныг болиулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!