Өнгөрсөн амралтын өдөр Трампын засаг захиргаа Венесуэлээс гаралтай гэмт хэргийн бүлгийн 200 гаруй гишүүнийг АНУ-аас албадан гаргаж, Эль Сальвадор улсын шоронд шилжүүлжээ.
Трампын холбоотон гэгддэг Төв Америкийн Эль Сальвадор улсын ерөнхийлөгч Найиб Букеле сошиал хуудсандаа Ням гарагийн өглөө “Венесуэлийн Трэн дэ Арагуа бүлгийн 238 гишүүн, олон улсын MS-13 гэмт хэргийн бүлгийн 23 гишүүний хамт” тусгай үүргийн нисэх онгоцоор эх оронд нь ирснийг мэдээлсэн байна.
Трамп энэ үйлдлээ хоёр зуу гаруй жилийн өмнө батлагдсан дайны цагийн хууль дээр үндэслэн хэрэгжүүлснийг АНУ-ын холбооны шүүгч Бямба гарагийн орой 14 хоногийн хугацаанд хойшлуулах шийдвэр гаргажээ.
Гэвч шийдвэр гэмт хэрэгтнүүдийг тээвэрлэсэн онгоц хөөрсний дараа гарсан байна.
“Өө, дэндүү хожимдсон байна” гэж Букеле шүүгчийн шийдвэрийг сошиал хуудсандаа шоолон бичжээ.
Ирсэн гэмт хэрэгтнүүдийг Эль Сальвадорын алдарт “Терроризмын Хорих Төв” (Cecot)-д хорьсныг тэр бас мэдээлсэн байна.
АНУ-ын эрх баригчидтай тэднийг нэг жилийн хугацаанд хорихоор тохиролцсон, хугацааг цааш сунгах боломжтойг Букеле мэдэгдэлдээ бичжээ.
“АНУ тэднийг хорьсны төлөө маш бага төлбөр төлж байгаа. Гэхдээ бидний хувьд их мөнгө” гэж тэр бичсэн байна.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио түүнд талархал илэрхийлж, Букелег “манай бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн хүчирхэг удирдагч” гэж магтжээ.
Ням гарагт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт “Эдгээр жигшүүрт араатнуудыг Эль Сальвадорт тушааснаар Америкийн ард түмэнд аюул учруулж чадахгүй болж байна” гэж сошиал хуудсандаа бичсэн байна.
Трамп шийдвэрээ 1798 онд батлагдсан Харийн Дайснуудын Тухай хуулиар (Alien Enemies Act) зөвтгөж байгаа.
Вашингтон дахь холбооны шүүгч Жэймс Босбэрг түүний шийдвэрт 14 хоногийн хориг тавьсан юм. Онгоц нэгэнт хөөрснийг мэдсэн шүүгч замаасаа буцахыг тушаасан ч бас хожимдсон байжээ.
Тухайн үед гэмт хэрэгтнүүдийг тээвэрлэсэн хоёр онгоц АНУ-ын усан хилийг давж, улс дундын тэнгисийн бүсэд нэвтэрсэн байсан тул шүүгчийн захирамжийг биелүүлэх боломжгүй болсныг Трампын засаг захиргааны эх сурвалж мэдээлсэн байна.
Венесуэлийн засгийн газар Трампын шийдвэрийг “Венесуэлийн цагаачдыг шударга бусаар гэмт хэрэгтэнд тооцож, боолчлолоос эхлээд нацистын хорих лагерийн аймшигт үйл явдал хүртэл хүн төрөлхтний түүхийн хамгийн хар бараан үйл явдлуудыг сэргээж байна” хэмээн шүүмжилжээ.
Ерөнхийлөгч Букеле улс орондоо гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор өндөр харуул хамгаалалттай Cecot төвийг 2023 онд нээсэн нь 40,000 хүртэл хоригдлын багтаамжтай юм.
Эндээс харвал АНУ, Эль Сальвадорын харилцаа Трампын засаг захиргааны үед улам сайжирч байгаа бололтой.
Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио албан тушаалд томилогдсоноосоо хойших хоёр дахь гадаад айлчлалаа Эль Сальвадорт хийж байсан юм.
Өнгөрсөн сард болсон энэ айлчлалынхаа үеэр тэр Cecot төвийг АНУ-ын хууль бус цагаачдыг хориход ашиглахаар тохиролцож байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!