Уншиж байна ...

АНУ-аас Эрх Чөлөөний хөшөөгөө буцааж өгөхийг Францын улс төрч шаардав

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 цаг 47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрийн АНУ нэгэнт эрх чөлөөний үнэт зүйлсийг дэлхий дахинд төлөөлөхгүй болсон тул Эрх Чөлөөний хөшөөгөө Франц улс буцааж авах ёстой гэж нэг улс төрч үзэж байна.

Ням гарагт болсон улс төрийн томоохон арга хэмжээнд оролцохдоо Европын парламентад Франц улсыг төлөөлдөг, зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрч Рафаэл Глюксман америкчуудад хандан “Эрх чөлөөний хөшөөг маань буцааж өг!” гэж мэдэгджээ.

“Бид дарангуйлагчийн талд зогссон америкчуудад, шинжлэх ухааны эрх чөлөөг шаардсан судлаачдыг ажилгүй болгосон америкчуудад Эрх Чөлөөний хөшөөг бидэнд буцааж өг гэж хэлмээр байна” гэж түүнийг хэлэхэд тэнд байгсад уухайлан дэмжсэн байна.

Тэрбээр цааш нь “Бид түүнийг бэлэглэсэн. Гэвч одоо хэрэггүй болсон бололтой. Тиймээс эх оронд нь буцаавал дээр” гэж хэлжээ.

зураг
 
Рафаэл Глюксман

Эрх Чөлөөний хөшөөг 1886 оны аравдугаар сарын 28-нд Америкийн тусгаар тогтнолыг тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан Францын ард түмнээс АНУ-д бэлэглэж байсан юм.

Тэр үеэс хойш Францын барималч Огюст Бартолдийн энэ бүтээл Нью-Йорк хотын боомтод сүндэрлэх болсон байна.

Одоо Парис хотод Сена мөрний эрэг дээр уг хөшөөний жижиг хувилбар байрладаг.

Глюксман бол Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины тэмцлийг тууштай дэмжигч юм. Тиймээс тэр ерөнхийлөгч Трампын гадаад бодлогыг хатуу шүүмжлэгчдийн нэг болжээ.

Трамп бас АНУ-ын судалгаа, шинжилгээний байгууллагуудын зардлыг их хэмжээгээр танах болсон. Глюксман энэ боломжийг ашиглан зарим эрдэмтдийг Франц улс татаж авах ёстой гэж үзэж байна.

“Америкчуудад хэлэх бас нэг зүйл бол: Хэрвээ та нар улс орныг чинь амжилт бүтээлээрээ дэлхийн тэргүүлэгч гүрэн болгосон эрдэмтэд судлаачдыг халж байгаа бол бид тэднийг угтан авах болно” гэж тэр хэлжээ.

Глюксман мөн Франц дахь хэт барууны улс төрчдийг шүүмжилж, тэднийг Трампын холбоотон Илон Маскийн “фэн клуб” гэж нэрлэсэн байна.

 

Эх сурвалж: AFP