Гадаад бодлогын амжилтаа огцом ахиулсан хоёр айлчлалаар амьсгалсан өдрүүд өнгөрсөн 7 хоногт тохиов. Монгол Улсад гадаад таатай, энх тайванч орчин ямар хэрэгтэй вэ, түншлэл хамтын ажиллагаа яагаад чухал вэ, ер нь хоёр талын харилцаа хөгжсөөр түншлэлийн ямар хэмжээний түвшинд хүрч болох вэ, түншилсэн улс, субъектүүд дотор Чех, Польш хоёр ямар зиндаа байр суурьтай вэ гэсэн олон асуултад хариу өгсөн түүхэн айлчлал амжилттай хэрэгжлээ.
Манай улс ардчиллын зам сонгоод энхийг эрхэмлэсэн (1), нээлттэй (2), бие даасан (3), олон тулгуурт (4) гадаад гадаад бодлого амжилттай явуулсны дүнд, нөгөө талаасаа даяаршсан нээлттэй дэлхий ертөнцийн ерөнхий хандлага, олон улсын геополитикийн хуваагдал зөрчил тэмцлийн ерөнхий уур амьсгал зэрэг бодит хүчин зүйлийг гярхай тусгаад, Монгол Улсын газар зүйн өвөрмөц байршлаа тооцоолоод дэлхийн 19 улс ба Европын Холбоотой (20 субъект) түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлж байгаа нь Монгол Улсын энэ цаг үеийн гадаад бодлогын үнэхээр бахдам том ололт амжилт билээ.
Олон тулгуурт гэдэг нь аль болох олон улс орноор хүлээн зөвшөөрүүлж, дипломат харилцаа тогтоож, хоёр талын харилцаа хөгжүүлэхийн сацуу стратегийн ач холбогдол бүхий улс гүрнүүдтэй аль болох түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлэхийг хэлнэ. Мөн Монгол Улс хэнээс ч үл эрхшээх, бие даасан гадаад бодлогоо тууштай, цагийн шалгуурыг зоригтой даван туулж хэрэгжүүлэхийг хэлнэ.
Монгол Улсын гадаад бодлого ковидын цар тахлаас хойших гурван жил гарангийн хугацаанд огцом сэргэлтийг илтгэн харуулж түнш орны тоог огцом нэмснээрээ Гадаад бодлогын түүхнээ тод үсгээр тэмдэглэгдэх болж байна. Үүнд 2022 онд Японтой Тусгай Стратегийн түншлэлийн харилцаа, 2023 онд АНУ-тай Стратегийн гуравдагч хөршийн түншлэл, Канадтай Xамтын хөгжил цэцэглэлт, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө Иж бүрэн түншлэл, 2024 онд ХБНГУ, Казахстантай Стратегийн түншлэл, Их Британитай хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглал-тохиролцоо, Вьетнамтай Иж бүрэн түншлэл, Австралитай харилцаагаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэх тохиролцоо, 2025 он гараад энэ гурван сарын хугацаанд Турктэй Стратегийн түншлэлийн харилцаа, Чех, Польштой харилцаагаа шууд Иж бүрэн түншлэлийн түвшин рүү шат ахиулсан гэж жагсаж байна. Жишээлэхэд шүү дээ. Гарчгаа яагаад түнш гэж нэрлэсний оршлыг ийн томъёолоод үндсэн сэдэвтээ оръё.
Монгол-Чех, Монгол-Польшийн (Дорнод Европын социалист орнууд) хооронд Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярын хүрээнд энэхүү Төрийн айлчлалыг төлөвлөж бэлтгэж хэрэгжүүлсэн. Хоёр талдаа ажилласан. Дипломат албад хэрдээ хичээсний үр дүнг бид үзлээ, амслаа, нотоллоо. Төрийн айлчлалын үеэр уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэсэн нь хамгийн гол амжилт нь. Харилцааг XXI зууны энэ эрин цагийн дуудлага, бодит шаардлагад нийцүүлэн шат ахиулж “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэснээрээ харилцааныхаа түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн, энэ бол онцгой үйл явдал гэдэгт талууд (гурван улсаар авч ярьж байна) бүрэн санал нэгдлээ.
Чехээс эхлэн ярья. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Петр Павел нар үнэхээр содон, бүр бахадмаар байлаа. Хоёулаа цэргийн хүн, түс тас, ил тод, нууж хаах зүйлгүй, нөхөрлөвөл нөхөрлөсөн шиг хэмээн би дүгнэж байна. Социализмын үеийн Ю.Цэдэнбал, Г.Гусак нар яг л тэгж нөхөрлөдөг байсан шиг. Өмнөх нийгэмд гүн бат, маш итгэлцсэн харилцаа тогтоосон, түүний суурь бат бэх, түүн дээрээ XXI зууныхаа харилцааг босгоод авах шиг л болсон доо.
Улс төр, гадаад харилцаа, хүмүүнлэгийн салбарт ололт амжилт олон байна. Байсаар ч ирсэн, байх ч болно. Харин тэр сайхан бат бэх харилцаагаа эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй өрнүүлэх явдал мэдээж дутагдаж байгаа. Гэхдээ тэр дутууг нөхөх итгэл сэтгэл хоёуланд нь байгаад Төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун нь алхам тутам харагдаж байлаа. Нэгэнтээ Иж бүрэн түншлэл болж шат ахисных хамтын ажиллагааны бүхий л салбарт үр дүнтэй хамтран ажиллахын төлөө хоёр тал бэлэн байгаагаа нотоллоо. Түншлэлээ эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгаль орчин, эрүүл мэнд, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлал, зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуй гээд салбаруудыг бүгдийг нэрлэнэ билээ.
Монгол, монголчуудын хувьд Чех хэн бэ гэдэгт Ерөнхийлөгч Хүрэлсүх:–Үзэсгэлэнт сайхан Чех Улсыг бид “гуравдагч хөрш”, Европ дахь чухал түншээ хэмээн үздэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийг ямагт эрмэлздэг гээд Эрдэнэтийн зэсийн ордыг Монгол-Чехийн геологийн хамтарсан баг 1960-аад оны дунд үед нээн илрүүлсэн, Дарханы цементийн үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр, Улсын нэгдүгээр төв эмнэлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтыг чех анд нөхөд, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэй байгуулсан түүхтэй гэлээ. Төрийн тэргүүний хэлснийг энд бүгдийг буулгахгүйгээр уншигчид өөрсдөө унших тул би гол голыг дор авлаа. Монгол Улсын “Алсын хараа-2050”, Чех Улсын “Стратегийн төлөвлөгөө-2030” хөгжлийн бодлогыг уялдуулна гэлээ. Тэр нь хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэд бүтэц, агаарын болон хуурай замын тээвэр, ложистик, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх явдал гэлээ. “Тэрбум мод” болон Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай улсын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томхон төсөл, хөтөлбөрийг судлан хэрэгжүүлнэ гэлээ. Тэр улсад өгсөн тодорхойлолт ба тэр түнш улсаас манайд өгөх унац ашиг гэе дээ, тэр бүхнийг Ерөнхийлөгч нэгд нэгэнгүй ийнхүү заагаад өглөө.
Тэгвэл Чехийн хувьд бид хэн бэ гэдэгт хариулт хайя. Бас л сонин өнцөг. Бүр геополитикийн өнцөг харагдана. “ОХУ, БНХАУ-ын дунд оршдог Монгол Улс гуравдагч хөрштэйгөө харилцан ашигтай хамтран ажиллах нь чухал байна. Бид хэдийгээр газар зүйн хувьд хол оршдог ч бид түншийн харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Харилцаа, хамтын ажиллагааг Чехийн Ерөнхийлөгчийн хувьд өргөжүүлэн бэхжүүлж, гүнзгийрүүлэхийн төлөө ажиллахдаа таатай байх болно” гэлээ. Монгол Улс хэдийгээр газар зүйн хувьд алс хол ч гэсэн бид өнгөрсөн 75 жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Ирэх сард бид дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойгоо хамтран тэмдэглэнэ. 1912 онд Чехийн хөгжмийн найруулагч Монгол Улсын Төрийн дууллыг бичсэн байдаг. Хэдийгээр 75 жил гэж байгаа ч 100 жилийн гүн харилцаатай. 1923 онд тухайн үеийн Чехийн тусламжтайгаар шар айрагны үйлдвэр Монголд байгуулж байсан түүхтэй. Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал уул уурхай, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой, хамтарч байсан туршлага ч бий гэлээ.
Ялангуяа 1950-иад оноос монгол залуус Чех улсад суралцаж эхэлсэн. Одоо ч энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаад талархаж байна. Манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд сайн ажилладаг, нэр хүндтэй. Бид ч тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаа. Мэргэшсэн хүмүүсийг ажиллуулах нь манай хоёр улсад хэрэгтэй. Манай зарим салбарт дутагдаж байгаа ажилчдын орон зайг монголчууд нөхдөг. Ажил хөдөлмөр эрхлэх монгол иргэдийн квотыг нэмснээр ажилчдын тоо 80 хувиар өссөн гэхчлэн уярмаар зүйл ярьсан болгоныг энд бичихээ түр азная. Цаашид хэрхэн хамтран ажиллах вэ гэдэгт нэгэнтээ 1950 оноос хойш нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтран ажиллаж ирсэн туршлагадаа тулгуурлан бүр илүү өргөн хүрээнд, тухайлбал худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, геологи, уул уурхай, соёл, урлаг, байгаль орчин зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллахаар тохиролцлоо гэлээ.
Мэдээж 75 жилийн хур туршлага, социализмын үеийн харилцааны бат бэх үндэс суурь, түүнийг шинэ эриний цаг үе шат ахиулах зайлшгүй онцгой шаардлагын тухай нэг нийтлэлд бичиж барахгүй их зүйл бий. Польшийн тухайд түүхэн онцлогтой улс юм. Тэр тухайгаа өмнөх нийгэмд ч, одоо ч ярьдаг. Польш бол Герман, Орос гэдэг хоёр том гүрний дунд хавчуулагдаж, олон удаа тэдний хуйвалдаан зөрчлийн золиос болж ирснээ өөрсдөө байнга тэмдэглэдэг, түүхэн өршөөлгүй хоёр их хөршийн дунд тэсэж тогтох, хөгжиж дэвжих сонголтоо тууштай хийж ирсэн баатарлаг ард түмний хувьд хоёр их хөршийн дунд хавчуулагдан оршиж ирсэн Монголыг онцолж үздэг нь харагддаг. Иймээс аль дээрээс л “Монгол, Польш хоёр ижил хувь тавилантай, нийтлэг зовлон, нийтлэг үнэт зүйлтэй. Харин хоёр том хөршүүдийн дунд эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний онцлог, хэл соёл, шашнаа аваад гараад ирсэн монголчууд бол үнэхээр бахархмаар, баатарлаг ард түмэн” хэмээн ярихыг би олонтаа сонсож явсан даа. Польшийн дипломатчид, албаны ба эрдмийн хүмүүсээс, бас Варшавт ажиллаж байсан монгол ахмад дипломатчдаасаа сонсож байсан даа. 1241 оны Легницийн тулалдаан, Монголын баг цэрэг тэндээ үлдсэн, монгол цустай хүмүүс байдаг, бүр нэг тосгон ч гэл үү дуулснаа энд нуршихгүй. Социализмын үед энэ тухай ярихад ам үдээтэй байсан бол одоо би айлгүй үнэнийг өчнө.
Айлчлал руу оръё. Монгол, Польшийн хоёр Төрийн тэргүүн үнэхээр ах дүүсэг байгаа нь алхам тутам харагдаж мэдрэгдэж байлаа. Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой “Иж бүрэн түншлэл”-ийг харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн онцгой үйл явдал хэмээн хоёул нэгэн дуугаар нотолж байлаа. “Монгол бол жинхэнэ ардчилсан, бас ирээдүйтэй орон” гэж Ерөнхийлөгч Анжей Дуда онцлон тэмдэглэсэн нь бидэндээ өгсөн маш том үнэлгээ юм биш үү?
Хэлэлцээний үеэр өнгөрсөн 75 жилийн ололт амжилтаа дүгнэж, ирэх жилүүдийн харилцаа, хамтын ажиллагааны замын зураглалаа тодорхойллоо. Польш өнөөдөр хэн болчхоод бидэнд нөхөрлөлийн халуун гараа сунгаж байнав гэдгийг хоёр чихээрээ сонссон хүний хувьд бичиж байна л даа. Польш бол Европын Холбоо дотроо эдийн засгаараа эхний 6 дугаар байрт бичигддэг, технологийн дэвшил, инновацаараа Европтоо толгой цохиж яваагийн давуу талыг монгол анд нөхдөдөө зориулахад бэлхэн байна гэдгийг сонсоод үнэхээр огшиж байлаа. Манайхан одоо тэмцлийн сэдэв болгоод гал асаагаад буй газрын ховор элементийг социализмын үед Монгол-Польшийн геологийн экспедиц олж нээсэн тухай ноён А.Дуда ярьж байхыг сонслоо.
Манайхны нөгөө л “Бидэнд ямар хэрэгтэй юм?” гэдэгт хариулт хайя. Ерөнхийлөгч А.Дуда хэлнэ лээ. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт хамтран ажиллахад Польш бэлхэн, цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, уул уурхай, геологи, дэд бүтэц, тээвэр ложистик, боловсрол, шинжлэх ухаан, археологи, эрүүл мэнд, аялал жуулчлал, батлан хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэлээ. “Шинэ Хархорум” хот, хүнд үйлдвэрлэл, нийтийн тээвэр, цэвэрлэх байгууламж зэрэг томхон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой гэлээ. Польшийн дэвшилтэт техник, технологи, инновацыг манай олон салбарт нэвтрүүлж, мэргэжилтнүүдийг маань бэлтгэж өгье гэлээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Польшийн “Ногоон хот” хөтөлбөртэй уялдуулна энэ бүхнийг хэрэгжүүлж чадах аваас харилцаа, хамтын ажиллагаа маань шинэ түвшинд гарна гэлээ.
Хэдэн санаа буулгая. Төрийн тэргүүнтэй хэд хэдэн айлчлалд нь хамт явлаа. Юу ажиглагдав? “Монголыг дэлхийд” гаргах, “Дэлхийг Монголд” авчрах түүний уриа дуудлага алхам тутамдаа хэрэгжиж байна. Ковидоос хойших жилүүдийг би тэгж нэрлэж байна. Айлчлалууд хоёр урсгалтай болох нь бүү хэл 2024 онд гадагшаа явснаасаа гадаадаас урьж айлчлуулсан нь давсан. Энэ жил ч бас тиймэрхүү байх төлөвтэй. “Монголыг дэлхийд” гаргаж сурталчлан таниулна, тэгснээрээ дэлхийг Монголд урьж авчрах тэр уриа дуудлага маань сонгодог утгаараа хэрэгжиж байна. ГХЯ-нд олон жил ажиллаж гадаад бодлогын төлөвлөлт хариуцаж байсных өөрийн практик дээр үндэслээд тийм дүгнэлт хийж байна. Өмнөх бүх Ерөнхийлөгчтэй хамтран ажилласан, тэд бүгд Гадаад бодлого, гадаад харилцаагаа шат шатанд нь ахиулсан. Харин одоогийн Ерөнхийлөгчийн өнгөн дээр Төрийн тэргүүний айлчлал иж бүрэн болсон. “Хүрэлсүх” гэдэг нөхөр л гадаадад зугаалаад явдаг гэх хардлага ойлголтоо өөрчилж үзэцгээ! Тэр “Хүрэлсүх” чинь өөрөө ахлаад араасаа дагуулаад бүхэн бүтэн “Монгол”-ыг тээгээд очиж байна. Албан ёсны төлөөлөгчид, ажлын хэсгийнхэн (мань мэт), сэтгүүлчдээс гадна Монголын сонгодог урлаг уран сайхны бүхэл бүтэн шилмэг хамт олон очиж эх орныхоо урлаг, соёлыг сурталчлаад үзэгчдийн мэлмийг нээчхэж байна. Түүхийн асар их өв, Их Хааныхаа үзэсгэлэнг аваад очиж байна, бизнесийн төлөөлөл гэхэд л 100-аас давж байна. Олон сая евро, долларын хамтын ажиллагаа-худалдаа-хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, Монголд ашигтай (!) хамтын ажиллагааг илэн далангүй ярилцаад ирж байна. Чухам бид л өөрсдөө хичээх үлдэж байна!
Бас нэг дүгнэлт байна. “Гуравдагч хөрш” гэдэгт монголчууд анхандаа АНУ, Япон тэргүүтэй Өрнөдийн өндөр хөгжилтэй капиталист улс гүрнүүд байх мэтээр томьёолж, ойлгож ирснийг ноён У.Хүрэлсүхийн өнгөн дээр нэмж баяжуулаад ерөөсөө хоёр хөрш л биш бол, тэр дундаа хуучин социализмын үед найрсаг харилцаагаа нэгэнтээ төлөвшүүлчихсэн бүх улс орнууд “Гуравдагч хөрш” гэх алдрыг хүртэх боломжтойг нотлон харуулж байна, саяхны хоёр айлчлалаар ч тэгж үздэгээ дахин нотоллоо. Европын Холбоо, НАТО-гийн нэн идэвхтэй хоёр улсаар “Гуравдагч хөрш”-өө тэллээ гэх үү дээ.
Энэ бүхэн маань айлчлал иж бүрэн болж бүрэн хэрэгжсэнийг илтгэх бөлгөө!