Холливүүдийн домогт жүжигчин агсан $80 саяын гэрээслэлдээ хүүхдүүдийнхээ нэрийг оруулаагүй байжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 11 цаг 24 минут
iKon.MN
Зураг зураг
Жин Хэкмэн, Бэтси Аракава нар

Оскарын хоёр шагналтай Холливүүдийн домогт жүжигчин Жин Хэкмэн болон түүний гэргий Бэтси Аракава нарын цогцос өнгөрсөн сарын сүүлээр Нью-Мексико мужийн Санта Фе дэх гэрээс нь олдсон билээ.

Хоёрдугаар сарын 11-нд 65 настай Аракава мэрэгч амьтдаас гаралтай ховор вирусийн халдварын улмаас нас барсан бол ганцаар үлдсэн алцхаймер өвчтэй 95 настай Хэкмэн хэд хоногийн дараа зүрхний өвчнөөр нас барсныг шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд тогтоосон юм.

Тэгвэл саяхан хуульчид Хэкмэн агсны гэрээслэлийг задалжээ.

Ингэхэд 1995 онд үйлдэгдэж, 2005 онд хамгийн сүүлд шинэчлэгдсэн гэрээслэлдээ Хэкмэн $80 саяын үнэ бүхий бүх хөрөнгөө өөрөөсөө 30 насаар дүү гэргийдээ өвлүүлсэн нь тодорхой болсон байна.

Харин өмнөх эхнэрээс нь төрсөн гурван хүүхдийн нэр түүний гэрээслэлд дурдагдаагүй байжээ.

Хэкмэний хүүхдүүд болох 65 настай Кристофер, 62 настай Элизабет, 58 настай Лэсли нар одоогоор гэрээслэлийн талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

Гэхдээ хуулийн мэргэжилтнүүд Аракава нөхрөөсөө долоо хоногийн зайтай буюу ойрхон нас барсан тул хуулийн дагуу Хэкмэний хөрөнгийг хүүхдүүдэд нь өвлүүлэх боломжтой гэж үзэж байгаа гэнэ.

Нөгөө талаас Аракава бас гэрээслэлдээ өөрийн бүх хөрөнгийг Хэкмэнд өвлүүлэхээр заасан байжээ. Ингэхдээ тэд хоорондоо 90 хүртэл хоногийн зайтай нас барвал эмчилгээний зардлыг нь хассаны дараа үлдсэн бүх хөрөнгийг буяны үйлсэд зориулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгчид шилжүүлэх нөхцөл гэрээслэлд тусгасан байжээ.

“Үл хөдлөх хөрөнгө нь муж дундын өв залгамжлалын хуулиар баталгаажсан тул жүжигчний хүүхдүүд албан ёсоор хөрөнгийг өвлөх дараагийн хүмүүс мөн юм” гэж Калифорни мужийн өмгөөлөгч Три Ловелл хэвлэлд тайлбарласан байна.

Хэкмэн агсан 1989 онд хүүхдүүдийнхээ тухай Нью-Йорк Таймс сонинд ярихдаа “Жүжигчин хүн их амиа хичээсэн хүн болдог. Би хэдийгээр гэр бүлтэй ч ажлын шаардлагаар тэднээсээ гурав, дөрвөн сараар холддог байлаа. Мөнгө, алдар нэр хөөцөлдөх явдал миний амьдралд хүндээр туссан” гэж ярьж байжээ.

2000 онд өөр нэг хэвлэлд тэр “Алдартны хүүхэд байх хэцүү. Тэднийгээ өсөж торниход би үргэлж хамт байж чадаагүй. Хожим Калифорнид амьдрах болсон тэдэнд маань миний нэр хүнд үргэлж гай болдог байлаа” гэж ярьсан байна.

Энэ бүгдээс харвал Хэкмэн хүүхдүүдтэйгээ тийм дотно харилцаатай байгаагүй бололтой.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг