Индэр    
4 цаг 14 минутын өмнө
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ж.Дэлгэрсайхан: Эдийн засаг одоохондоо тийм ч хүндэрчхээгүй байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч, СЭЗИС-ийн багш дэд профессор Ж.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Сангийн сайд Б.Жавхлан оны эхний хоёр сарын байдлаар төсвийн орлого, зарлага хэвийн байгаа гэж мэдээлсэн. Гэтэл манай төсөв бүрдүүлэлтэд гол нөлөө үзүүлдэг нүүрсний үнэ унаад байгаа. Нүүрсний үнийн уналтын нөлөө манай эдийн засагт хэзээнээс бодитой мэдрэгдэх вэ?

-Сүүлийн гурван жилд бий болсон эдийн засгийн огцом өсөлтийн шалтгаан нь нүүрсний үнэ, гарцтай холбоотой байсан гэдгийг холбогдох талууд бүгд ойлгож байгаа гэж бодож байна. Харин өнөөдөр тэрхүү өсөлтийн шалтгааныг бий болгосон нүүрсний экспортын хувьд эргэлзээтэй байдал үүссэнийг ч бас л бүгд ойлгож байгаа. Тэр дундаа Засгийн газар,  Сангийн сайд маань илүү ихээр мэдэж, мэдэрч байх учиртай. Тиймээс ч засаг хуралдаж энэ тал дээр анхаарал хандуулж Б.Жавхлан сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж үүсэж болзошгүй нөхцөл байдлын эсрэг ажиллахаар болж байх шиг байна.

Харин төсвийн тодотголын бидэнд ирж болзошгүй байгаа нөхцөл байдлыг урьдчилж бодлогын арга хэмжээнүүдээ авах уу? бодит нөхцөл байдлыг сайн тодруулах уу? гэсэн хувилбаруудаас хоёр дахь хувилбарыг сонгож байх шиг байна. Учир нь одоогоор буюу оны эхний хоёр сарын төсвийн гүйцэтгэлээс харахад төсөв тодотгох хэмжээний дутагдал, тасалдал байхгүй байгаа нь үнэн. Иймээс сангийн яамны зүгээс Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1-т заасан төсвийг тодотгох нөхцөл бүрдээгүй гэж үзэж ажиллаж байгаа гэж ойлгосон.  

Гэхдээ бид энэ нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэх, түүний нөлөөлөл ямар байхыг бодолцох, болзошгүй эрсдэлээс хамгаалах тал дээр анхаарах шаардлагатай гэж би хувьдаа үзэж байна. Учир нь нүүрсний үнэ эдийн засагт хэдийнээ тодорхой хэмжээнд нөлөөлж эхэлсэн бөгөөд цаашид ч үргэлжлэх болно.

-Нүүрсний үнийн энэ уналт манай эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Нүүрсний үнийн уналтын талаар эдийн засгийн хүрээнд зөвхөн одоо л мэдэж байгаа хэрэг биш гэдгийг дурдах хэрэгтэй. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл жилийн өмнөөс эрдэсийн таатай нөхцөл байдал дуусгавар болж болзошгүй, үүнд анхаарах шаардлагатай гэдгийг анхааруулж байсан. 

Би хувьдаа нүүрсний үнэ 80 ам.доллароос доош орвол эдийн засаг, төсвийн орлого талд хүчтэй нөлөөлж эхлэх талаар 2024 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж л байсан. Бусад эдийн засагчид ч адил ярьж байсан. Оны эхний хоёр сарын гадаад худалдааны гүйцэтгэлээр нүүрсний үнэ нийт орлого, биет хэмжээгээр тооцвол 80 орчим ам.доллар байна. Бидний гол сул тал нь болзошгүй эрсдэлийг тооцохгүй, холбогдох талуудын анхааруулгыг сонсохгүй байж “ниргэсэн хойно нь хашгирав” гэдэг шиг яг тулаад ирэхээр нь одоо яах вэ гээд л дуулиан болгодог. Энэ нь бодит байдалд бүр ч сөргөөр нөлөөлж болзошгүй. Харин үүний оронд эртнээс бодитой арга хэмжээ авч, нөхцөл байдлыг зөөлрүүлэх бодлогыг боловсруулж хэрэгжүүлдэг байх нь ихээхэн чухал.

Нүүрсний үнийн уналтын эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг хэр удаан үргэлжлэх, бусад салбар болон шинэ төсөл хөрөнгө оруулалтын идэвхжил зэрэг хүчин зүйлстэй холбон тайлбарлах учиртай л даа. Энэ нь бусад хүчин зүйл, эдийн засгийн идэвхжил саармагжуулж болзошгүй гэсэн санаа юм. Зөвхөн нүүрсний хувьд 2024 оны эхний хоёр сард 10.6 сая тонн нүүрс экспортолж 1 тэрбум 336.5 сая ам.долларын орлого олж байсан бол 2025 оны эхний хоёр сар 10.2 сая.тонн нүүрс экспортолж 858.8 сая ам.долларын орлого олсон. Энэ нь биет хэмжээ 3.5 хувиар буурсан байхад орлого 35.7 хувиар буурсан байна гэсэн үг. Үүнийг 2023 онтой харьцуулбал бүр илүү зөрүү гарна. Уул уурхайн салбарын эдийн засаг, төсвийн орлогод эзлэх хувьд өссөөр байгааг харгалзвал эндээс нүүрсний үнийн эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг харж болох болов уу.

-Засгийн газрын зүгээс төсөвт тодотгол хийх тухай ярихад эрт байна гэдэг байр суурь илэрхийлсэн. Цаашид тодотгол хийхгүй байх боломж, нөхцөл бий юу?

-Байх боломжтой. Гэхдээ энэ нь нүүрсний үнийн уналт хэр удаан үргэлжлэх вэ гэдэгтэй ихээхэн холбоотой. Гэтэл үүнийг түр зуурын эсвэл тодорхой хугацаанд үргэлжлэх эсэх дээр хариулт хэлэх боломжгүй байгаа юм болов уу. Миний хувьд энэ нь тодорхой хугацаанд үргэлжлэх шинжтэй болчихлоо гэж харж байна. Нөгөө талд энэ бууралтаас шалтгаалах сөрөг нөлөөллийн эсрэг Засгийн газрын зүгээс юу хийж чадахаас ихээхэн зүйл хамаарна. Гол гарц нь гарцаа нэмэгдүүлэх гэж үзэж байгаа бололтой. Гэтэл уул уурхай хариуцсан сайдын тайлбарласнаар өнөөгийн зам, тээврийн нөхцөл байдлын дээд хязгаар тулсан. Нэг сая тонноор ч нэмэгдүүлэх боломжгүй гэж хил холболтын гэрээний үед мэдэгдэж байгаа харагдсан. Хил холболт нь ойрын 2-3 жилдээ нүүрс тээвэрт эерэг нөлөө үзүүлэхгүй байдалтай харагдаж буй. Тиймээс бусад боломжийг эрэлхийлэх шаардлагатай болж байна. Бусад эдийн засгийн салбар, хөрөнгө оруулалт, мега төслүүдийн тал дээр бага зэрэг найдлага тавьж болох юм.

-Төсвийг алдагдалгүй баталсан ч хэт өөдрөгөөр төсөөлсөн. Үүнийгээ дагуулаад зардлаа бараг 40% өсгөсөн. Үүний сөрөг нөлөө нь юу вэ. Ер нь төсвийн зарлагыг ямар байх ёстой гэж та үзэж байна вэ?

-Таны асуултад байгаа гол зүйл нь төсвийн хэт тэлэлт юм. 2020 онд 13.9 их наяд байсан төсөв 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 30.4 их наяд төгрөг болчихсон явж байна. Энэ нь 2020 оноос 2.2 дахин 2023 оноос 34.9 хувиар өссөн хэмжээ юм. 2025 оны төсвийг бүх талаас нь шүүн хэлэлцэж, ерөнхийлөгч оролцож байж алдагдалгүй баталсан ч мега төсөл, нийслэлийн хөрөнгө оруулалт гээд асуудал их. Үүнд л бид санаа зовох ёстой. Үүний ард төсвийн урсгал зардал, хөрөнгийн зардал өсөж байгаа. Үүний нийгэм, эдийн засгийн үр ашиг юу байв гэдэг талаас нь харах хэрэгтэй. Нөгөө талаас эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдсээр байгаа нь зөв зүйл мөн үү. Яриад байгаа төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшлээ дэмжих асуудалтайгаа нийцтэй бус байдлыг яаж залруулах вэ? гэх мэт олон асуудлыг дагуулж байна.

  • Төсвийн тэлэлтийн шалтгааныг олон янзаар тайлбарладаг ч боломж нь түүхий эдийн үнэ байдаг. 2025 оны төсөвт нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг 129.6 гэж оруулсан. Зах зээлийн үнээ 105 орчимд гэж ярьж байсан санагдана. Өнөөдөр үнэ нэлээд буурсан байгааг дурдсан.
  • Төсвийн зарлага ямар байх ёстой вэ гэдэг дээр нүүрс, зэсийн үнээс хамаарал багатай байх ёстой гэж би боддог. Бидний сонгосон эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг баримжаа, урт хугацааны хөгжлийн бодлого, тулгарч болзошгүй эрсдэл гэх мэтийг харгалзсан Монгол Улсад тогтвортой хөгжлийг бий болгоход чиглэсэн байх ёстой. Үүний тулд төрийн оролцоог бууруулж ойрын хугацаанд, цаашид улам бууруулах чиглэлд байх ёстой гэж би хувьдаа хардаг.

-Дэлхийн зах зээлд алтны үнэ өссөн нь экспортын гол түүхий эдийг алт, зэсээр орлуулах боломжийг олгоод байгаа. Энэ цонх үе хэр хугацаанд үргэлжлэх бол. Мөн зэсийн зах зээлийн үнэлгээ хэрхэн өсөж байгаа вэ. Эдгээрээс манай улс хэр орлого олох боломжтой бол?

-Эдгээр өнгөт металлын хувьд үнэ таатай байгаатай санал нэг байна. Алтны үнэ 3,000 ам.доллар орчимд очиж, зэсийн үнийг удахгүй 10,000-д хүрнэ хэмээн таамаглаж байна. Зэсийн хувьд технологийн хөгжил, ногоон эдийн засаг зэрэг эрэлтийг дэмжих хүчин зүйлстэй холбоотой. Алтны хувьд дэлхийн улс төр, эдийн засгийн таамаглашгүй байдалтай холбоотой байх гэж харж байна. Үүнийг цонх үе гэж нэрлэх эсэх нь харьцангуй юм. Манай хувьд сүүлийн жилүүдэд нүүрс давамгайлсан экспортын бүтэцтэй явж байгаа. 2024 оны байдлаар нийт экспортод нүүрс 55.1 хувь, зэсийн хүдэр баяжмал 21 хувь, алт 5.7 хувийг эзэлж байна. Зэсийн гарцын хувьд бид хязгаарлагдмал. Алт ч мөн адил. Үүний дээр алт экспортлоод экспортын орлого нэмэгдэхээс төсвийн орлого дээр ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй.

-Монголбанк бодлогын хүүг нэмсэн нь хэрэглээг танах, гадаад нөхцөлтэй уялдуулж байгаа зохицуулалт хэдий ч бизнес эрхлэгчдийн хувьд зээлийг хязгаарлах сөрөг нөлөөтэй гэж зарим эдийн засагч үзэж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ. Энэ шийдвэрийн нөлөөг хэрхэн харж байна вэ?

-Монголбанк нь бие даасан хараат бус байх ёстой байгууллага. Хэдий тийм ч макро эдийн засгийн зорилгод чиглэсэн томоохон үүрэг бүхий байгууллага. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдлыг судалж түүндээ нийцсэн бодлогын арга хэмжээ авч байгаа нь энэ болов уу. Энэ шийдвэр нь эдийн засгийн хувьд хүсүүштэй шийдвэр биш боловч мөн л өсөж байгаа инфляц эрсдэлийг бууруулах зорилготой шийдсэн болов уу гэж тааж байна. Тиймээс энэ шийдвэрийн нөлөө нь бизнесийн эх үүсвэрийн зардал өсөх, зээлийн гарц буурах байдлаар тодорхой хугацааны дараагаас нөлөөлж эхлэх болов уу. Бизнесийн орчинд сөрөг нөлөөтэй гэж байгаатай санал нэг байна. Тиймээс ч хүсэх шийдвэр биш гэж байгаа юм. 

-Төртэй холбоотой биш л бол бизнес цэцэглэх боломж хомс талаарх шүүмжлэл улам нэмэгдэх боллоо. Төрийн өмчийн компаниудын шинэчлэл яг явж байна уу?

-Энэ хоёр тусдаа асуудал. Ер нь Монголд ямар нэгэн байдлаар бизнес эрхлэхэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс олон байна. Үүний нэг нь улс төртэй ямар нэгэн байдлаар холбоотой асуудал. Эхнийх нь ямар нэгэн байдлаар төртэй холбоотой эсвэл улс төрд нөлөөл бүхий этгээдийн бизнесийн асуудал. Энэ асуудлыг бид ярьсаар удаж байна. Зарим нь олны нүдэнд ч ил байх юм. Гэтэл энд ашиг сонирхлын зөрчил, ёс зүй, хууль эрх зүйн ямар нэгэн хязгаарлалт байдаггүй мэт явсаар байна л даа. Бизнесээ томруулахын тулд улс төрд ордог юм уу? гэмээр байдал байсаар байна. Уг нь тэнд улс орны төлөө ажиллах, нийт ард иргэдийн асуудлыг шийдэх хүмүүсийн нэгдэл баймаар.

Энэ асуудлыг шийдвэрлэх суурь нь авлига ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд улс төр дэх авлигатай тэмцэх асуудлыг хамгийн эхний зорилго болгон тусгасан бөгөөд улс төрийн нам, улс төрд нөлөө бүхий этгээдийн талаар тодорхой ажлуудыг хийхээр тусгасан. Үүний үр дүнд найдлага тавьж байна.

Хоёр дахь нь төрийн өөрийн мэдлийн компанийн асуудал. Төрийн өмчийн компаниудыг хувьчлах, үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг ярьсаар мөн удаж байна. Төрийн оролцоог бууруулах талаар ч их ярьж байгаа. Энэ ажлыг бид яаралтай хийх шаардлагатай. Маш олон төрийн өмчийн ААН-үүдтэй болчихсон. Тэдгээр нь үр ашигтай ажиллаж байгаа нь ховор байна гэж байнга ярьдаг. Тиймээс төрийн оролцоог багасгах, эдийн засгийн үр ашгийг сайжруулах талаасаа төрийн өмчийн ААН-үүдийн өөрчлөлт, хувьчлал чухал

-Засгийн газар мега төслүүд хэрэгжүүлэхээр болсон. Улаанбаатар хот мөн томоохон дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд хийнэ гэж байгаа. Гэвч нүүрсний экспорттой холбоотой орлого буурч байхад импорт дэмжсэн ийм том төслүүд хэрэгжихээр гарах нөлөөлөл нь ямар байх вэ?

-Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлэхээр болсон нь ихээхэн анхаарал татаж байгаа асуудал мөн. Сүүлийн хоёр жилд Улаанбаатар хотын асуудлыг тусад нь шийдвэрлэх зорилгоор ихээхэн төсөв, мөнгөний асуудал яригдаж байна. Нэмээд "Шинэ Хархорум" хот гээд хөрөнгө мөнгө шаардлагатай олон төслүүд зэрэг яригдаж байна. Гол нь эдгээр том ажлуудыг зэрэг санхүүжүүлэх боломж Монгол Улсын хувьд байгаа эсэх нь өмнө ч эргэлзээтэй байсныг дурдах хэрэгтэй. Эдгээрээс 14 мега төсөл түүн дотроо уул уурхайн салбарт нэмүү өртөг шингээсэн дараагийн шатны бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэс, төмрийн хүдэр, нүүрсний төслүүд нь эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой гэж бодож байгаа. Эдийн засаг, төсвийн орлогод тодорхой хүндрэл учирсан нь эдгээр төслүүдээс хэрэгжүүлэх боломжтой гол төслүүдийг эрэмбэлэн, одоо эхлээд явж байгаа нефть, ураны төслүүдийг аль болох хөдөлгөх хэрэгтэй л гэж үзнэ. Харин тэр хотын төслүүдийг бол сайн мэдэхгүй юм.

Хоёрдугаарт эдгээрийг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхгүй. Тийм боломж ч байхгүй. Тиймээс олон төрлийн санхүүжилтүүдийг ашиглах, санхүүгийн загвараа өөрчлөх нь чухал. Бүхнийг төсвөөр хийх, төсвөөр эдийн засгийн хөгжил, өсөлтийг дэмжих боломжгүй, зарим талаас нь харвал бид чадах ч үгүй гэдгийг сүүлийн 10 гаруй жил харлаа.

-Эдийн засгийн энэ хүнд үед иргэд санхүүгээ яаж удирдах хэрэгтэй гэж та зөвлөх вэ?

-Юуны өмнө эдийн засгийн энэ хүнд үе гэж нийт иргэд олон нийтийг үймүүлэх шаардлагагүй гэж бодож байна. Нүүрсний экспорт, үнэтэй холбоотой тодорхой асуудал байна. Мөн дэлхий эдийн засгийн хувьд худалдааны дайн гэх мэт шинэ томоохон эрсдэл бий болж байна.

Гэхдээ эдийн засаг одоохондоо тийм ч хүндэрчхээд байгаа зүйл алга. 2025 оны эдийн засгийн өсөлтийг 5 хувиас доош таамаглаж байгаа тал алга байна. Зарим нь 7-8 хувь гэх мэт их өөдрөг таамаглалыг дэвшүүлж байна. Тиймээс эдийн засагт тодорхой хүндрэл учирч болзошгүй нөхцөл байдал гэсэн хэллэгийг ашиглах нь зөв байх.  Гол нь төсвийн орлого дээр дарамт ирж магадгүй. Түүнээс гадна эдийн засгийн энэ нөхцөл байдлын эсрэг Засгийн газар бусад холбогдох талууд боломжоороо хөдлөх, эрсдэлийг бууруулахын тулд арга хэмжээнүүд авна. Авч ч эхлээд байна. Эдгээрийн үр дүн бусад салбарын нөхцөл байдлаас мөн хамаарна. Иргэдийн хувьд бол миний зүгээс хүмүүсийг тэгэх ёстой ингэх ёстой гэж зааж зөвлөх нь зохимжтой бус байх. Болзошгүй нөхцөл байдал байгаа юм байна, тэр нь тухайн бизнес, тухайн хүний ажиллаж буй салбарт хэрхэн нөлөөлөх талаар бодчиход болно биз ээ.

-Засгийн газар эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч эхэлсэн гэлээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл өнөөдрийнх шиг эдийн засагт хүндрэл учирч болзошгүй нөхцөл байдалд Засгийн газарт зөвлөмж хүргүүлдэг үү. Эдийн засагчийн хувиар ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж харж байна вэ?

-Засгийн газар эдийн засгийн өнөөгийн байдалд дүгнэлт хийж анхаарал хандуулж байгаа нь сайн зүйл юм. Гэхдээ үүнийг эртнээс урьдчилан харж талуудын өгч буй санал зөвлөмжийг анхаарч ажилласан бол үр дүн илүү байх боломжтой байсан болов уу. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үндсэн чиг үүрэг нь төсвийн тогтвортой байдлыг хангуулах явдал. Бид энэ үүргийнхээ дагуу улс орны эдийн засаг, төсвийн нөхцөл байдалд судалгаа шинжилгээ хийж дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөл, хөгжлийн төлөвлөгөөнд өөрсдийн байр суурь дүгнэлт зөвлөмжийг өгдөг. Энэ хүрээнд 2024 оны гуравдугаар сарын 15-нд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг боловсруулж УИХ, Засгийн газарт хүргүүлэхдээ анх энэ талаар буюу эдийн засагт тулгарч болзошгүй эрсдэлийн талаар сануулсан байдаг. Түүнчлэн төсвийн бодлогыг эрсдэлийг харгалзан үзэж төсвийг хэт тэлэхгүй эрсдэлээс хамгаалсан байдлаар боловсруулахыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах,  2024 оны наймдугаар сард төсвийн тодотголыг хэлэлцэх үед гэх мэт шаардлагатай тухай бүр сануулж зөвлөлийн байр суурийг илэрхийлсээр ирсэн. 

Миний хувийн байр суурь бол өнөөдөр нөхцөл байдал таагүй болох шинж тэмдэг илэрсэн, цаашид хэрхэхийг таамаглах боломж бага байгаа үед төсвийн бодлогын хувьд, эдийн засгийн өсөлтийг хадгалах чиглэлд тодорхой хувилбар боломжуудыг одооноос төлөвлөж байх шаардлагатай гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.