АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас тус улсад виз олгохгүй байх улс орнуудын жагсаалтад шинэчлэл хийхээр хэлэлцэж буй. Тэгвэл New York Times сонин хоригт орж байгаа улс орнуудын жагсаалтыг танилцуулжээ.
Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн албан тушаалтны хэлснээр уг жагсаалтад өөрчлөлт орж магадгүй бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тэргүүтэй хүмүүс эцэслэн батлаагүй байгааг сануулсан юм.
Жагсаалтад 41 улс багтсан. Тэднийг гурван хэсэгт хуваасан байна.
Афганистан, Иран, Сири, Куба, Хойд Солонгос зэрэг 10 улс жагсаалтын эхэнд буюу визийн бүрэн хязгаарлалтад оржээ.
Хоёрдугаар хэсэгт Лаос, Мьянмар, Өмнөд Судан зэрэг таван улс багтсан юм. Эдгээр улсуудад аялал болон оюутны зэрэг виз гарахгүй аж.
Харин гуравдугаар хэсэгт Беларусь, Бутан, Пакистан, Туркменистан зэрэг 26 улсыг багтаажээ. Сүүлийн бүлэгт орсон улс орнуудын Засгийн газарт алдаа дутагдлаа арилгах 60 хоногийн хугацаа өгөхөөр төлөвлөсөн байна. Ингэхдээ яг ямар төрлийн визэд хориг тогтоох талаар мэдэгдсэнгүй.
Эх сурвалж: New York Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!