Украин-Оросын гал зогсоох гэрээний асуудлаар Трамп, Путин нар энэ долоо хоногт утсаар ярилцах тухай АНУ-ын албаны эх сурвалж Ням гарагт мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Москвад очиж, гал зогсоох АНУ-ын төлөвлөгөөг Путинд танилцуулсан Трампын тусгай элч Стив Виткоф өчигдөр CNN сувагт ярихдаа “Хоёр ерөнхийлөгч энэ долоо хоногт үнэхээр үр дүнтэй, эерэг яриа хэлэлцээ хийнэ гэдэгт би итгэлтэй байна. Нөхцөл байдал маш их ээдрээтэй байгаа ч бид хоёр талын байр суурийн зөрөөг арилгахаар ажиллаж байна” гэж хэлсэн юм.
Энх тайван тогтоохын тулд Украины тал томоохон буулт хийх шаардлага тулгарч болзошгүйг өөр нэг албаны хүн бас илэрхийлжээ.
Тухайлбал Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц энх тайван тогтоохын тулд Украины тал зарим газар нутгаа өгч, НАТО-д элсэх санаанаасаа татгалзаж магадгүйг өчигдөр хэвлэлд ярьсан байна.
Хэлэлцээрийн үр дүнд Украин улс зүүн өмнөд Донбассын бүс нутгаа алдах эсэхийг асуухад Уолц “Энэ сэдэв Украины ирээдүйн аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг байх болно” гэж хариулжээ.
Тэр бас цааш нь “Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэх магадлал маш бага” гэж хэлсэн байна.
Харин Оросын эзэлсэн газар нутгийг АНУ хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг ярихад ”арай эрт байна” гэж Виткоф ярилцлагынхаа үеэр дүгнэжээ.
2,000 км урт үргэлжилсэн фронтын шугам дагуу хэрхэн гал зогсоох, Украины цэргийн хяналтаа тогтоосон Курск мужийн газар нутаг, Украины цөмийн цахилгаан станцын болон Хар тэнгисийн боомтын цаашдын хувь заяаг хэрхэн шийдэх зэрэг маш ярвигтай олон асуудалд шийдэл олох шаардлагатай байгааг тэр энэ үеэр дурдсан байна.
Хэдийгээр Газын зурвастай харьцуулахад Украины нөхцөл байдал илүү их ээдрээтэй боловч оролцогч бүх талууд нэг хүсэл эрмэлзэлтэй байгаа нь цаашдын үйл явцыг өөдрөгөөр харах боломж олгож буйг Виткоф “Амжилттай шийдэлд хүрэхийн тулд бүх талууд, тэр дундаа Европчууд нэг хүсэл зорилготой ажиллаж байна” хэмээн илэрхийлжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!