2020 оны хоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Калифорни мужид Старбакс компанийн бүтээгдэхүүнийг захиалагчид нь хүргэж явсан жолооч өвдөг дээр нь халуун цай асгарсны улмаас ноцтой түлэгдэж байжээ.
Майкл Гарсиа гэдэг нэртэй энэ эр бэлэг эрхтнээ түлж, арьс шилжүүлэн суулгах мэс засалд орсон юм байна. Үүнийхээ төлөө тэр Старбакс компаниас $50 саяыг нэхэмжилж байжээ.
Тэгвэл Баасан гарагт Лос-Анжелес дүүргийн тангарагтны шүүх хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг Старбакс компаниар төлүүлэх шийдвэр гаргажээ.
Гарсиагийн өмгөөлөгч Ник Роули “Шүүхийн шийдвэр нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг үл тоомсорлосон Старбакс компанид хариуцлага хүлээлгэх чухал алхам боллоо” гэж мэдэгдсэн байна.
Старбакс компани Гарсиад учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч байгаа ч шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.
“Бид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд учирсан хохирлыг хэтрүүлж үнэлсэн гэж үзэж байна. Бид халуун ундаатай харьцахдаа хамгийн өндөр стандартыг баримталдаг” гэж Сиэтл хотод төвтэй тус компаниас мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө АНУ-д ресторан, хоолны газруудад үйлчлүүлэгч түлэгдсэний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаад амжилт олсон цөөн тохиолдол байдаг.
Тухайлбал 1990-ээд оны үед McDonald’s сүлжээний автомашинтай үйлчлүүлдэг салбараас авсан аягатай кофеныхоо тагийг авах гэж байгаад түлэгдсэн эмэгтэйд $3 сая орчмыг төлүүлэх шийдвэрийг Нью-Мексико мужийн шүүх гаргаж байжээ.
Шүүгч сүүлд нөхөн төлбөрийн хэмжээг бууруулсан ч хохирогч, компани хоёр хоорондоо нууцалсан мөнгөн дүнгээр тохиролцсоноор хэрэг хаагдаж байсан юм. Тэднийг ямартай ч $600,000-аас бага дүнгээр тохиролцсон гэдэг.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!