Уншиж байна ...

Серби улсын түүхэнд хамгийн том эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 57 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Төмөр замын өртөөний барилга байгууламж нурсны улмаас 15 хүний амь үрэгдсэнд засгийн газраа буруутгаж, огцрохыг шаардсан Сербийн иргэд Бямба гарагт нийслэл Белградын төв гудамж талбайг дүүргэжээ.

Энэ өдрийн эсэргүүцлийн арга хэмжээнд нийт 107,000 орчим хүн оролцсон гэж эрх баригчид мэдээлсэн бол хараат бус ажиглагчид оролцогчдын тоо хамгийн цөөндөө 325,000 хүрсэн гэж дүгнэж байна.

Хэрвээ энэ тоо үнэн бол Серби улсын түүхэнд хамгийн томд тооцогдох эсэргүүцлийн ажиллагаа болжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус улсын хоёр дахь том хот Нови Садын төмөр замын өртөөнд гарсан ослыг иргэд эрх баригчдын авлигал, хээл хахуультай холбоотой хэмээн үзэж байгаа.

Тухайлбал сүүлийн арав гаруй жил Сербийг удирдаж буй ерөнхийлөгч Александр Вучичийн тэргүүлдэг Прогрессив Намын засгийн газар ялзарсны шинж тэмдэг гэж үзэж байна.

Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн албан тушаалтан огцорсон ч ерөнхийлөгч Вучич огцрохоос татгалзсан нь иргэдийн тэмцлийг улам өргөжүүлжээ.

“15 дахь нь 15-ынхаа төлөө” гэсэн утга бүхий уриатай Бямба гарагийн жагсаал Белградын дөрвөн цэгт зохион байгуулагдсан юм.

Жагсаалын үеэр 22 хүн баривчлагдаж, 56 хүн бэртэж гэмтсэн тухай Сербийн хэвлэлүүд мэдээлжээ.

зураг
 

Нови Садын ослын дараа эсэргүүцлийн хөдөлгөөнийг оюутнууд санаачилж байсан бол сүүлд таксины жолооч нар, тариаланчид, хуульчид зэрэг нийгмийн бусад бүлгийн төлөөлөгчдөөр өргөжсөн юм.

Жагсагчид өртөөний барилгын засвартай холбоотой бүх баримт бичгийг ил гаргахыг шаардаж, буруутай этгээдүүдийг шийтгүүлэхийг хүсэж байгаа.

Өнгөрсөн хугацаанд прокурорууд барилгын сайд асан Горан Весич тэргүүтэй 16 хүнийг дээрх осолтой холбогдуулан шалгаж эхэлжээ.

Гэхдээ энэ нь асуудлыг шийдсэнгүй, оюутнууд болон бусад жагсагчид бүх шаардлагыг нь биелүүлэх хүртэл тасралтгүй тэмцэхээ мэдэгдээд байна.

Сербийн ерөнхий сайд Милош Вучевич нэгдүгээр сарын сүүлээр огцрох шийдвэрээ зарласан ч парламент буюу Үндэсний Ассамблей түүний хүсэлтийг хараахан хүлээж аваагүй байгаа.

Гэхдээ Сербийн бүх эрх мэдэл ерөнхийлөгч Вучич дээр төвлөрдөг тул жагсагчид түүнийг огцруулахаас нааш санаа нь амрахгүй бололтой.

“Би сүрдүүлэгт бууж өгөхгүй. Би гудамжинд энэ улсын ирээдүйг сүйтгэхийг зөвшөөрөхгүй” гэж Вучич жагсаалын өмнөх өдөр хэвлэлд ярьснаас үзвэл тэр ч бас тийм хурдан бууж өгөхгүй харагдаж байна.

Жагсаалын дараа тэр хүмүүс юунд бухимдаж байгааг ойлгож буй тул “бид өөрийгөө өөрчлөх болно” гэж амлажээ.

Белградын жагсаалын цар хүрээг харуулсан дроны дүрс бичлэг:

 

Эх сурвалж: BBC, The Guardian