Уншиж байна ...

Умард Македоны шөнийн клубт гарсан гал түймрийн үеэр 59 хүний амь үрэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
4 цаг 46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн шөнө Балканы хойгийн Умард Македон улсын Кочани хотын нэг шөнийн клубт гал түймэр гарсны улмаас амиа алдсан хүний тоо 59 хүрээд байна.

Орон нутгийн цагаар шөнийн 2:30 цагийн үед тус улсад алдартай DNK хип хоп хамтлагийн тоглолтыг үзэхээр 500 орчим хүн цуглаад байх үед гал гарчээ.

Хамтлагийн хоёр гишүүний нэг нь амиа алдаж, нөгөө нь эмнэлэгт хүргэгдсэн байна.

Үүнээс гадна 155 орчим хүн түлэгдэж, гэмтсэнийг Умард Македоны прокурорын ерөнхий газар мэдээлжээ. Хохирогсдын ихэнх нь 18-20 насныхан байсан гэнэ.

Болсон эмгэнэлт явдалтай холбогдуулан 10 хүнийг баривчлан шалгаж эхэлсэн байна. Тэдний дунд тус шөнийн клубт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн холбогдох яамны албан тушаалтнууд байгаа гэнэ.

Дотоод хэргийн сайд Панче Тосковский тухайн клуб албан ёсны зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан талаар өчигдөр мэдээлжээ.

Нийслэл Скопье хотоос зүүн зүгт 100 км зайтай оршдог Кочани хотын энэ байгууламж өмнө нь хивсний агуулах байсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

зураг
 

Урьдчилсан шалгалтаар тус байгууламжаас гал унтраах систем доголдолтой ажилладаг, ослын ганцхан гарцтай байсан зэрэг хэд хэдэн зөрчил илэрснийг эрх баригчид мэдээлжээ.

Мөн пиротехникийн хэрэгслээс үсэрсэн оч шатамхай материалаар хийгдсэн таазанд хүрснээс гал түймэр гарсан гэх урьдчилсан дүгнэлтийг гаргасан байна.

Умард Македоны ерөнхий сайд Христян Мичкоский улс оронд нь тохиолдсон эмгэнэлт явдалтай холбогдуулан долоо хоногийн хугацаатай үндэсний гашуудал зарлажээ.

Тус улсын ерөнхийлөгч Гордана Силяновска-Давкова ноцтой түлэгдсэн хүмүүсийг хөрш Грек, Болгар, Серби, Турк улсуудын эмнэлэгт эмчлэхээр явуулах болсныг мэдээлсэн байна.

Европын Холбооны удирдагчид болон хөрш Сербийн ерөнхийлөгч Александар Вучич болсон явдалтай холбогдуулан Умард Македоны ард иргэдэд гүн эмгэнэл илэрхийлжээ.

 

Эх сурвалж: BBC