Өглөө нь гэрээсээ “Өнөөдөр эртхэн ирнэ ээ, хоолоо хийгээд хүлээж байгаарай” гээд ажилдаа гарах та бид орой нь амьд харих баталгаагүй тийм нийгэмд амьдарч байна.
Бодохоос ч айдас төрөм ийм орчинд та бидний үр хүүхэд, аав ээж, ах дүү амьдарч айна. Гэвч харамсалтай нь мөнгөтэй л бол бүгдийг шийддэг болсон энэ цаг үед гэмт хэрэгтнүүд оодорч, гэмтэй атлаа гэмгүй юм шиг таахалзаж, харин гэмгүй иргэд айдас дүүрэн явдаг боллоо.
Үүний хамгийн сүүлийн жишээг хэдхэн хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн V хороо, Тэсэр” сүмийн уулзварын зүүн талд “Макс өргөө” ХХК-ийн захиалгаар барьж буй “Crown mining center’’-ийн барилга дээрээс төмөр унаж, машинтайгаа замын хөдөлгөөнд оролцож явсан 36 настай залуу амиа алдсан харамсалтай хэргээр татаж болно.
Арван настай бяцхан үрдээ тэнгэр шиг нөмөр нь болж, өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн аав ээждээ хангай шиг түшиг нь байж талийгаач залуугийн ар гэрийнхэн өнөөдөр хаана хандахаа мэдэхгүй уйлж сууна.
Уг нь хуулийн байгууллагынхан энэ хэргийг шалгаж байгаа гэсэн. “Мээж класс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа, тус компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар сэжигтнээр татан саатуулаад байгаа юм гэсэн.
Гэвч энэ хэргийн гол буруутан бүр тодруулбал, энэ компаниар барилгаа бариулж буй “Макс” компанийн захирал Д.Ганбаатартай ямар нэг хариуцлага ярихгүй нь ойлгомжтой болоод байна. Уг нь “Макс”-аар бас хурдан мориор овоглодог Д.Ганбаатар энэ хэрэгт яах аргагүй холбоотой, бүр гол буруутан нь ч гэж хэлж болно.
Энэ ч утгаараа тэрбээр харамсалтайгаар амиа алдсан залуугийн аав ээж, арван настай бяцхан охиноос уучлал гуйх учиртай. Гэтэл тэрбээр сүүлийн үед өөрийгөө энэ хэрэгт хамаагүй мэтээр ярьж барилгыг гүйцэтгэж буй компанийнханд бурууг нялзааж эхэлсэн гэх мэдээлэл байна. Уг нь “Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суух вэ” гэсэн эртний үг бий.
Тэр ч утгаараа Д.Ганбаатар анхнаасаа энэ газрыг хууль бусаар авч, бөгс эргэх зайгүй шахам талбайд олон давхар байшин барих ажлыг эхлүүлээгүй бол 36 настай залуу өнөөдөр амьд, гэртээ бяцхан үрээ эрхлүүлж, аав, ээждээ түшиг нь болоод сууж байх байлаа.
Гэтэл тэрбээр өөрийгөө гэмгүй мэтээр ярьж, компаниа буруугүй хэмээн сурталчилж буй нь гайхал төрүүлээд байгаа юм. Д.Ганбаатарын хувьд энэ газрыг яах аргагүй хууль бусаар авсан. Үүнийг тэр хавийн иргэд ч гэрчилдэг.
Энэ тухай тодруулбал, 2011 онд Чингэлтэй дүүргийн V хорооны иргэд “Д.Ганбаатар “Нарны титэм” үйлчилгээний төв дэх аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг зөрчин өөрийнх нь дэлгүүр байрлаж байсан байшинг нураагаад оронд нь 23 давхар барилга барих гэж байна. Гэтэл сүүлдээ түүний хууль бус үйлдэл хэтэрч хувийн эзэмшлийн талбайгаасаа хальж, нийтийн эзэмшлийн газарт нэвтэрч эхэллээ” гэсэн мэдээллийг өгч байв.
Харамсалтай нь Д.Ганбаатар энэ дуулианыг мөнгөөр “зодон” намжааж удалгүй барилгын ажлаа эхлүүлсэн, үүнээс үүдэн эрдэнэт хүний амь сүйдэв. Энэ хэргийн тухай албаныхан олон ноцтой мэдээллийг өгч байгаа.
Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө болсон хотын шуурхай дээр МХЕГ-ын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Н.Оюунчимэг тус барилгын угсралтын ажлыг магадлал хийгдээгүй зураг төслөөр, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж барьж байгаа нь Барилгын тухай хуулийг зөрчсөн. Иймээс өнгөрсөн оны долдугаар сард барилгын ажлыг түр зогсоосон гэж ярьж байна.
Гэвч МХЕГ-ын байцаагч нар ийн үүрэг өгөөд байхад “Макс өргөө” компанийнхан барилгын ажлыг нэг өдөр ч зогсоогүйгээр барахгүй тус компанийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа барилгын гадна талын шилэн фасадын ажлыг гүйцэтгүүлэхээр “Мээж класс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваатай долдугаар сарын 5-нд гэрээ байгуулж, ерөнхий захирал Д.Ганбаатараар батлуулсан баримт хүртэл байгаа юм.
Хэрвээ тухайн үед МХЕГ-ынхны шаардлагыг тус компанийнхан, тэр дундаа эрхэм захирал Д.Ганбаатар нь биелүүлээд мэргэжлийн хяналтын байцаагчийн актын дагуу ажлаа түр зогсоон хамгаалалтын тор татаж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангаад ажилласан бол өнөөдөр нэг сайхан залуугийн амь сүйдэж нэг айл өрх ийм хагацал зовлон үзэхгүй байлаа.
Мөн хотын дарга Э.Бат-Үүл “Би тухайн үед эдгээр барилгын тусгай зөвшөөрлийг цуцалсан.
Нэг мэдсэн барилгын ажил үргэлжлээд эхлэхээр нь юу болов, яав ийв гээд сураглатал 16 давхраас дээш барилгыг Барилга, хот байгуулалтын яам хариуцдаг. Тиймээс зөвшөөрлийг нь яам олгосон байсан” хэмээн ярьж суусан.
Нийслэлийн гудамжаар сэтгэл амар, аюулгүй алхаж болохгүй, иргэдийнх нь амь нас хохирсоор байхад хотын дарга нь ийм зүйл яриад сууж байна. Ер нь хүмүүс “Макс”-ын Д.Ганбаатарыг өөрийн хүссэн болгоноо хийдэг, хийж чаддаг хэмээн ярьдаг. Хамгийн харамсалтай нь энэ хүслээ гүйцэлдүүлэхдээ эрх мэдэл, танил тал, мөнгөө ашиглан ямар ч хэргийг өөрийн талд шийдвэрлүүлж чаддаг хэмээн ярьдаг юм билээ.
Иймээс ч тэрбээр энэ байдлаа ашиглан хотын төвийн газруудыг өөрийн эзэмшлийн болгодог. Тухайлбал, тэрбээр Баруун дөрвөн замд байх “Макс молл” их дэлгүүрийн газрыг, Занабазарын музейн зүүн хойно барьсан оффис гээд “А” зэрэглэлийн газрыг хэрхэн яаж, ямар аргаар авсан нь тодорхойгүй.
Манайд барилга дээрээс төмөр унаж хүний аминд хүрсэн тохиолдол өмнө ч гарч байсан. 2012 оны есдүгээр сарын З-нд ээждээ хөтлүүлээд, хичээлдээ явж байсан бяцхан охины дээрээс бетон зуурмаг шахагч унаж амийг нь хөнөөсөн. Мөн энэ хэрэг гараад удаагүй байхад ‘Тэнгис” кино театрын урд баригдаж буй үйлчилгээний зориулалттай барилгаас бэхэлгээний төмөр унаж, 22 настай залуугийн аминд хүрсэн.
Энэ мэтчилэн өглөө гэрээсээ эрүүл саруул, инээгээд гарсан охид, хөвгүүд ээждээ, аавдаа, ах, эгчдээ дахин хэзээ ч ирэхгүйгээр үүрд явсаар байна. Харамсалтай нь хариуцлага хүлээх учиртай хүмүүс нь харин ч албан тушаал дэвшсэн, мөнгөөр зодож хэргээс мултарсаар байгаа юм. Бид харамсалтайгаар амиа алдсан бяцхан охины, цүнхээ үүрээд хичээлдээ явсан залуугийн хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар Нийслэлийн шүүхийн холбогдох албаны хүнээс өчигдөр тодруулсан.
Гэтэл “Нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр энэ хоёр хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсан.
Баянгол, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа” хэмээв. Эндээс харахад эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс ямар ч хэргээс, ямар ч хамаагүй аргаар сугараад гардаг, хохирсон хүмүүс нь хууль цагдаагийн байгууллагын үүдэнд гэмт хэрэгтэн аятай нүд үзүүрлэгдэн суудаг нь харагдаж байгаа юм.
Үүнтэй адил хэдхэн хоногийн өмнө харамсалтайгаар амиа алдсан залуугийн хэрэг ч бас шийдэгдэхгүй удаж, энэ хэргийн гол буруутан Д.Ганбаатар тэргүүтнүүд хэргээс цэвэрхэн мултраад гарах вий гэсэн айдас монголчуудыг давхар нөмөрч байна.
Иймээс мөнгөтэй хүмүүсийн өмнө хүчин мөхөсдөх Монголын хууль, монгол хүний амь хоёр дэндүү хайран байгааг Ерөнхийлөгчийн сонорт дахин дахин уламжилмаар байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!