Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд огцом унасан нь энэ онд эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй гэсэн хөрөнгө оруулагчдын айдастай холбоотой байлаа.
Технологийн салбарын Nasdaq индекс 4 хувийн уналттай хаагдсан нь 2022 оноос хойших хугацаанд нэг өдрийн дотор учирсан хамгийн том алдагдал байв.
Уналтыг Тесла компани тэргүүлж, хувьцааны ханш нь 15.4 хувиар унажээ. Хагас дамжуулагч үйлдвэрлэлийн Nvidia компанийн хувьцаа 5 гаруй хувиар унасан байна.
S&P 500 индекс 2.7 хувь, Dow Jones Industrial Average индекс 2.1 хувийн уналттайгаар өчигдрийн арилжааг хаажээ.
Ням гарагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ онд эдийн засгийн хямрал нүүрлэх магадлалыг үгүйсгээгүй нь ийм хүчтэй уналт үүсэхэд нөлөөлсөн юм.
Тэрбээр Мексик, Канад, Хятад улсуудад тавьсан импортын өндөр татвар нь АНУ-ын эдийн засагт сайнаар нөлөөлөх хүртэл “шилжилтийн үе шат” туулахыг энэ үеэр хэлжээ.
Даваа гарагийн уналтын дараа Трампын засаг захиргааныхан хөрөнгө оруулагчдын айдсыг үргээх зорилготой мэдэгдлүүдийг ар араас нь хийж байлаа.
Тухайлбал Цагаан ордны төлөөлөгч “Бид хөрөнгийн зах зээлд гарсан үзэгдэл болон бизнесийн лидерүүдийн үзэл бодол хоёрын хооронд томоохон ялгаа байгааг харж байна. Дунд болон урт хугацаанд эдийн засагт юу тохиолдох талаар бизнесийнхэн илүү өөдрөг хүлээлттэй байгаа” гэж мэдэгджээ.
Гэхдээ судлаачид, шинжээчдийн дунд АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, хямрал нүүрлэж болзошгүй гэсэн айдас улам нэмэгдсээр байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл Трамп сонгуульд ялахын өмнөх үе буюу арваннэгдүгээр сарын эхэн үеийн түвшиндээ буцаж хүрсэн.
Трамп ерөнхийлөгч болсныхоо дараа татварыг бууруулж, төрийн зохицуулалтыг багасгана гэсэн хөрөнгө оруулагчдын итгэл замхарч буйг энэ үзэгдэл харуулж байна.
Импортын бараа бүтээгдэхүүнд оноосон өндөр татвар нь үнэ ханшийг өсгөж, Америкийн хэрэглэгчдийн нуруунд хүнд ачаа болж магадгүй гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд үүсээд байгаа юм.
“Трампын ногдуулах импортын татвар хаа нэгтээ инфляцыг өсгөх ёстой гэж би бодож байна” гэж Killik & Co компанийн хөрөнгө оруулалтын менежэр Рэйчел Винтер хэвлэлд ярьжээ.
Гэхдээ Трампын засаг захиргаанд ажиллаж буй эдийн засагчид энэ уналтыг томоохон өсөлтийн өмнөх “засвар” байх боломжтой гэж тайлбарлаж байна.
“Эдийн засгийн цаашдын төлөв байдлын талаар маш их өөдрөг байх олон шалтгаан бий” гэж Трампын эдийн засгийн зөвлөх Кэвин Хассет өчигдөр CNBC сувгаар ярьжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!