“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-нийг дуустал үргэлжлэх бөгөөд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн I, II, III дамжаанд суралцаж байгаа оюутнуудыг хамруулна.
Голч оноо нь 2.8 ба түүнээс дээш хувьтай суралцаж байгаа оюутнууд хөтөлбөрт хамрагдах боломжтой байна.
Энэ тухай НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт "Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 12-ны тогтоолоор оюутан цэргийн журам шинэчлэгдсэн. Журмын шинэчлэлийн талаар болон бүртгэлийн хугацааны талаар танилцуулъя.
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн ч олон баяр давхацсан тул өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл дөрөв хоногоор сунгалаа. Бүртгэлд хамрагдаж амжаагүй, боловсролын системд бүртгэлийн алдаатай оюутнууд энэхүү хугацаанд цэргийн мэргэжил олгох сургалтад бүртгүүлэх бололцоотой.
Журам шинэчлэгдсэнээр энэ жил их, дээд сургуулийн I, II, III дамжаанд суралцаж байгаа оюутнууд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон. Тоон хязгаарын хувьд нэгдүгээр дамжааны оюутнууд түлхүү хамрагдана.
Харин сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх журам өөрчлөгдөөгүй.
МСҮТ-ийн оюутнууд дүүрэг дээрээ цаасан хэлбэрээр бүртгүүлэхээр зохицуулсан. Хичээлийн жилийн хугацаа нь дөрвөөс дээш жил, 1.5-2.5 жилээр суралцаж байгаатай холбоотойгоор уг өөрчлөлтийг оруулсан.
Сүүлийн хугацаанд голч дүн ороогүй, нэр давхардсан, сургалтын төлбөрөө төлөөгүй зэрэг шалтгаанаас E-Mongolia системд мэдээлэл олдохгүй байх тохиолдол гарч байна. Иймд оюутнууд сургуулийн захиргаанаасаа тодруулж, мэдээллээ бүрэн оруулснаар оюутан цэрэг хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой" гэв.
Хуучин журмаар уг хөтөлбөрт нэгдүгээр дамжааны оюутнуудыг хамруулдаг байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!