Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн өнөөдөр манай улсад эхэллээ.
Зөвлөгөөн нь энэ сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох юм. Энэ удаагийн зөвлөгөөнд 11 улсын төмөр замуудын төлөөлөгчид, гадаад худалдааны болон тээвэр зуучийн компаниудын төлөөллүүд оролцож байна.
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд нь жил бүр хуралдаж тухайн жилд төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны ачааны /экспорт, импорт, транзит/ хэмжээгээ харилцан зөвлөлдөн тохирдог. "Улаанбаатар төмөр зам" ХНН нь 1956 онд Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын анхны 10 гишүүний нэг болсон цагаасаа хойш тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гишүүн орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн байна.
Тус байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагаа нь УБТЗ-ын гадаад худалдааны ачааны хэмжээ, үр ашгийг тодорхойлоод зогсохгүй Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд болон цаашлаад бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд шууд нөлөөлж байдаг аж.
УБТЗ-ын ачаа тээврийн хэмжээ жил бүр хурдацтай нэмэгдэж байгаа нь Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын үр ашигтай бүтээлч хамтын ажиллагаатай холбоотой гэдгийг онцлов.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Цар тахлын дараагаар төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ эрс өссөн. Цаашдаа эдийн засгийн хямрал зарим улсад ойртож ирж байгаа энэ цаг үед төмөр замаар тээвэрлэх ачааг аль болох нэмэгдүүлэх тал дээр зөвлөлдөж байна. Хоёр хөрш болон бусад улс орнуудаар дамжин өнгөрөх ачаа тээврийг аль болох нэмэгдүүлэх тал дээр Монгол Улс хичээнгүйлэн ажиллаж, УБТЗ болон Зам, тээврийн яамнаас онцгой анхаарал тавьж байгаа.
Ачаа, тээврийн үнэ нэмэгдээгүй. Олон улсын хэмжээнд экспорт, импортын ачаа бараа багасаж магадгүй гэж үзэж байгаа учраас өртөг, зардлаа бууруулах тал дээр онцгой анхаарал тавина. Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан төмөр замыг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулна. Түүний дараагаар 4, 5 боомт холбогдож бидний зорьж байгаа ачааны хэмжээ нэмэгдэн эдийн засаг сайжрах боломж бүрдэнэ" гэв.
Үүний 12,6 сая тонн нь орон нутгийн, 20,8 сая тонн нь гадаад худалдааны ачаа /экспорт, импорт, транзит/ эзэлж байна.
2024 онд УБТЗ-ын тээвэрлэсэн гадаад худалдааны ачааны хэмжээг 2023 онтой харьцуулахад экспортын ачаа 4,3 хувь, импортын ачаа 4,5 хувь, дамжин өнгөрөх /транзит/ачаа 4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Тэр тусмаа ОХУ-БНХАУ-ын хоорондох худалдааны эргэлт асар хурдацтай нэмэгдэж байгаа үед УБТЗ, Ази-Европыг холбосон хамгийн дөт коридорынхоо давуу талыг ашиглаж транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж.
Манай улсаар дамжин өнгөрөх транзит чингэлгийн галт тэрэгний тоо жил бүр хурдацтай өсөн нэмэгдэж 2024 онд 3,144-т хүрээд байгаа нь УБТЗ бүс нутгийнхаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч болсныг харуулж байна гэдгийг онцлов.
Төмөр замаар тээвэрлэсэн болон тээвэрлэхээр төлөвлөсөн ачааны хэмжээ:
УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан "УБТЗ 2030 он гэхэд төмөр замаар 50 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна. 50 сая тонн ачаа тээвэрлэхийн тулд УБТЗ-ын тээх нэвтрүүлэх, боловсруулах, хилийн өртөөнүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх мөн гол замыг хоёр замтай болгох, цахилгаанжуулах зэрэг төлөвлөж байгаа ажил их байна. Ойрын хугацаанд замын их засварын ажлыг нэн тэргүүнд хийнэ.
Одоо тээвэрлэж байгаа 34 сая тонн ачааны 24 орчим сая тонн нь Монгол Улсын экспорт, импортын болон дамжин өнгөрөх ачаа байна. Дамжин өнгөрөх ачаанд ОХУ-Хятадруу мод, модон бүтээгдэхүүн, Хятад-ОХУ-руу электрон бараа, химийн ачаа, бусад барилгын материал зэрэг ачааг тээвэрлэдэг" гэв.
КЗТ ҮК-ийн харьяа "Нэгдсэн төлөвлөлтийн газрын дэд захирал Тулегенов Алиби "Монгол болон Казахстан улс нь тээврийн салбарт маш нягт хамтран ажилладаг. Энэхүү хурлаар Казахстан улс хилийн гарцуудаараа ямар хэмжээний, ямар төрлийн ачааг тээвэрлэх, хуралд оролцож байгаа улс орнуудтайгаа хэрхэн, яаж хамтран ажиллах талаараа шийдвэр гаргаж хэлэлцэх болно. Казахстан улсад суурь бүтцээ хөгжүүлэх чиглэлээр маш олон төслүүд хэрэгжиж, хоёр дахь зам барих, нэвтрүүлэх чадвар бага байгаа хэсгүүдээ өргөсгөж, хөгжүүлэх төслүүд хэрэгжиж байгаа.
Казахстан-Монгол руу хүнсний бүтээгдэхүүн болон үр тариа нийлүүлж байгаа бол Монгол- Казахстан улс арьс ширний бүтээгдэхүүнийг авч байна. Суурь бүтцээ хөгжүүлэх төслүүдийнхээ хүрээнд бид Хятад улсын газар нутгаар дамжуулаад Монгол улстай тээвэрлэх ачааныхаа хэмжээг нэмэгдүүлнэ гэж харж байна" гэв.
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд тэр дундаа тус байгууллагын гишүүн УБТЗ-аар энэ онд хэдий хэмжээний, хэдэн нэр төрлийн гадаад худалдааны ачаа тээвэрлэхийг уг зөвлөгөөнд оролцогч талууд Улаанбаатар хотноо 5 хоног хэлэлцэж тохирох аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!