Уншиж байна ...

Т.Баярхүү: Хөвсгөл аймагт нуурын мөс цөмөрч, хоёр иргэн эндлээ

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас онцгойлон анхааруулж байна. 

Уржигдар Хөвсгөл аймгийн нуурын мөс цөмөрч, хоёр иргэн харамсалтайгаар амь насаа алдсаныг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү хэлж, дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. 

Тэрбээр "Энэ жил нийт нутгаар дулаахан байсан. Монгол орны гол, мөрний мөсний зузаан өмнөх жилүүдтэй харьцуулахад 10-80 сантиметрээр нимгэн байгаа.

Өөрөөр хэлбэл дээгүүр нь хүн, мал амьтан явах, тээвэрлэхэд эрсдэл өндөр.

Сүүлийн жишээ гэхэд уржигдар Хөвсгөл аймагт хоёр иргэн нуурын мөсөнд цөмөрч харамсалтайгаар амь насаа алдлаа. 

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч байна. Иймд гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байх, зам товчлох, цаг хожих зэргээр өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлье" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Гуравдугаар сарын 10-15-ныг дуустал нийт нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи шуургатай, мөн нойтон цас орж цасан шуурга шуурах төлөвтэй байгаа.

Энэ хугацаанд говь, тал, хээрийн нутгаар 18-20 метр секунд хүрч шороон шуурга шуурах урьдчилсан төлөвийг цаг уурын байгууллагаас бидэнд өгсөн. Агаарын температур өмнөх хоногуудаас хүйтрэх төлөвтэй байгаа.

Улирлын мэдээгээр авч үзвэл дөрөвдүгээр сард агаарын дундаж температур болон хур тунадас ч олон жилийн дунджийн орчим байна.

Зүүн аймгуудын нутаг Архангай, Хөвсгөл зэрэг нутгаар энэ жил түймрийн эрсдэл өндөр байгаа. Иймд урьдчилан сэргийлэх нь чухал" гэв.