Судлаач Ж.Соёмбын нийтлэлийг хүргэж байна.
Их эзэн Чингис хааны үеийн монголчуудын төрийн онч бодлого, сэтгэлгээний хурд, алсын хараа дэлхийн хөгжилд асар их нөлөө үзүүлснийг бахархан тэмдэглэх ёстой. Монголчууд дундад зууны үед дэлхийн талыг эзэгнэсэн их гүрнийг байгуулснаараа хүн төрөлхтний төрт ёс, эдийн засаг, соёлын хөгжилд хэзээ ч баларшгүй ул мөрөө үлдээжээ.
Чингис хаан бол өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгч, даяаршлын анхдагч, дэлхийд энхтайван, шударга ёс тогтоогч байсан гэсэн үзэл баримтлал эдүгээ цагт давамгайлах болов. Дэлхий дахины түүхэнд Чингис хаан шиг сүүлийн 850 шахам жилд хүн төрөлхтний анхаарлыг гойд татсан, бишрэн шүтэгдсэн удирдагчид байгаагүй юм.
Судлаачид дэлхийн хөгжлийн сонгодог загвар, эх сурвалжийг XIII-XIV зууны Монголын эзэнт гүрний төрийн бодлого, улс төрийн үйл ажиллагаанаас эрэх хэрэгтэй хэмээн бичиж байна. Өнөөдөр дэлхийн улс орнууд энхтайвнаар зэрэгцэн оршиуйн тулд Чингис хааны улс төрийн давтагдашгүй өвөрмөц бодлогыг хүн төрөлхтний сайн сайхан амьдралын төлөө шинэ нөхцөлд, шинэ агуулгаар сэргээн хэрэгжүүлэх явдал дэлхийн улс гүрнүүдийн хувьд чухал хэвээр байна.
ЧИНГИС ХААНААС ЮУ СУРАЛЦАЖ БОЛОХ ВЭ?
1.Чингис хаан хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө байгаагүй хамгийн том Эзэнт гүрнийг байгуулсан юм. Үүний гол нууц нь цэрэг дайны ололтоос илүү үндэстнийхээ давтагдашгүй онцгой зан чанаруудыг нарийн мэдэрч цэрэг, тагнуулын үйл ажиллагаанд бүрэн ашиглаж, маш сайн зохион байгуулагдсан иргэншил бүхий улс орнуудын эсрэг тэмцэж аугаа их ялалтуудыг байгуулжээ. Чингис хаан дэлхийн хэмжээний бодлого тодорхойлогч улс орнуудын төрийн бодлого ямар түвшинд байх ёстой талаар хамгийн сайн загварыг бий болгосон.
Монголын эзэнт гүрэн бусад улс оронд худалдаа эдийн засаг, шинжлэх ухааны хөгжил, дипломат дэг жаяг түгээн дэлгэрүүлэх, хүн төрөлхтний аюулгүй байдлын өмнө хүлээх хариуцлага, даян дэлхийд амар амгалан байдлыг тогтоох, улс төрийн бодлого, арга хэмжээг хамгийн сонгодгоор өмнө ч, одоо ч байхгүй хэмжээнд хүртэл нь хэрэгжүүлж чадсан юм.
2. Их эзэн хаан шударга ёсыг эрхэмлэгч, хэлбэрэлтгүй сахиулагч байжээ. “Монголын нууц товчоо”-нд “...Тэгээд эсгий туургатан улс энх шударга болж, Тэмүүжинд Чингис хаан цолыг өргөв” гэсэн нь шударга ёсны зарчим монгол угсаатныг нэгтгэн, эзэнт гүрнийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэсэн санааг илэрхийлнэ. Чингис хааны нүүдэлчдийн ёс суртахууны бүх сайн чанарыг шингээсэн засаглалын шударга тогтолцоо бий болгосон нь дэлхий дахиныг өөртөө татахад гол үүрэг гүйцэтгэсэн байна.
3.Их эзэн хаан эв эеийг эрхэмлэгч, бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг байжээ. Чингис хаан аливаа улс орныг шууд эзлэн түрэмгийлэхийг урьтал болголгүй, юун түрүүнд энхийн хэлэлцээ хийхийг санал болгодог байсан байна. Хувь хүний энэ онцлог чанар нь Ази, Европын олон үндэстэн хоорондын зөрчил, дайн, тэмцэлдээнийг зогсоож, дэлхий дахинд “Монголын их амар амгалан”-г 140 гаруй жил тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн. Чингис хаан дэлхийд ноёрхохын тулд эзлэн колоничлох бодлого хэзээ ч явуулж байгаагүй юм. Ийм зан чанартай удирдагчид өнөөгийн дэлхий ертөнцөд одоо ч үгүйлэгдэж байна.
4.Төрийг удирдахдаа чанд хатуу сахилга батыг мөрдүүлж, хууль дүрмийг хэлбэрэлтгүй сахиулдаг, өөрөө ч энгийн иргэдийн адил түүнд захирагддаг байжээ. Энэ нь Их Монгол Улсын үед монголчуудыг гаднаас түрэмгийлэх, задлан бутаргах боломжийг эсрэг этгээдүүдэд олгохгүй байхад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
5. Чингис хаан ирээдүйг урьдчилан хардаг, алсын хараатай, өөрийн цаг үеийг тодорхойлогч байжээ. Улс төрийн ухаалаг бодлого цэцтэй үг, ончтой санаа, төрийн мяндсан ухаанаараа бусдаас гойд ялгарч байв.
6.Төрийн үйл хэрэгт шударга бус үйл ажиллагаа явагдахаас ямагт сэргийлж, таслан зогсоож чаддаг байжээ. Үүний илрэл нь эзэн хаадаасаа урвасан хэнийг ч хатуу цээрлүүлдэг. Энэ нь төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэм төрийн тогтвортой байдлыг хангасан шударга, үнэнч албатай болоход нь гойд нөлөөлжээ.
7.Чингис хаанд хүн таних онцгой чадвар байсан ба өөрийн албатуудаа сонгохдоо удам судар, гарал угсааг нь харахаас илүүтэйгээр үнэнч шударга зан, чадвар туршлагыг нь голчилдог байжээ. Энэ нь хэн ч байсан гадна, дотны эрх мэдэлтнүүдийн нөлөө, зальт аргаар ахиж дэвшихгүй байх нөхцөлийг бүрдүүлж, эрх мэдэлд дурлагсдын хүрээг хумьж, төр тогтвортой оршиход чухал нөлөө үзүүлжээ.
8. Чингис хаан шадар нөхдийн заавар зөвлөгөөг цэрэг, улс төрийн чухал шийдвэртээ ашигладаг, эргэх холбоог санал болгодог, өөрөө шүүмжлэлд нээлттэй байжээ Удирдагчийн ийм давуу тал нь тойрон хүрээлэгчдийн жинхэнэ санаа бодлыг мэдэх, үнэнч шударга байдлыг тогтооход тусалдаг байна.
9.Бусдын гавьяа зүтгэлийг чин шударгаар үнэлж, урамшуулдаг байсан аж. Энэ бол албат иргэдийнхээ төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хаан төрд үнэнчээр зүтгэх чухал хүчин зүйл болж байжээ. Аливаа улсын оршин тогтнохын чухал хөшүүрэг бол иргэдийн төрөө дээдлэх, төрдөө итгэх үзэл санаа гэдгийг төрийн бодлогынхоо үндсэн чиглэл болгож байсан байна. Мөн Чингис хаан хүний тусыг марталгүй санаж, хожим ч гэсэн хариуг заавал хүртээдэг байж. Ингэхдээ урьдын болсон явдлыг нотолгоотой тоочин өгүүлдэг байсан нь итгэлцэх соёлыг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулжээ. Удирдлагын ийм арга барил Чингис хааныг төрд тэрслэгчид, эрх мэдэлд дурлагсад болон урвагчдын хүрээллээс ангид төр засаг байгуулахад нөлөөлсөн аж.
10.Хааны зарлиг, хууль тогтоомж зөрчсөн хэнийг ч үл өршөөдөг байсан нь өндөр ёс суртахуун, сахилга хариуцлагатай төрийн түшээд, иргэдтэй болоход нь үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ.
11.Өөрөөсөө илүү эрдэм мэдлэгтэй хүмүүсийг хүлээн зөвшөөрч, тэдний зөвлөгөөг хэрэгжүүлдэг байсан нь улс төрийн оновчтой шийдвэр гарах, хэрэгжихэд онцгой нөлөөлсөн байна. Чингис хааны улс төрийн бодлого үйл ажиллагаа хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтийн төлөө алс хэтийг харсан, судалгаа тооцоотой, ухаалаг бодлогуудын иж бүрдэл байжээ.
12.Чингис хаан “Аливаа ард олныг амаржуулъя гэвэл сэтгэлийг нь хураа, сэтгэлийг нь хураавал бие нь хаа холдох” хэмээн сургасан нь одоо ч үнэ цэнтэй бөгөөд түүнээс хойш дэлхий дахины сэтгэлийг хураасан хүн төрөөгүй юм. Энэ үзэл баримтлал дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоох бодлогын хамгийн чухал хэрэгсэл болж хэрэгжсэн байна.
13. Их эзэн хаан тагнуулын ажилд өндөр ач холбогдол өгч, тагнуулын мэдээг төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхдээ ашиглаж чаддаг байжээ. Гэхдээ тагнуулын ажлыг хүн төрөлхтний эсрэг чиглүүлж байгаагүй, харин дэлхий нийтийг аюулгүй байлгах, дэлхийн нийтийн эсрэг аливаа аюул заналыг таслан зогсооход чиглүүлж байсан нь “PAX MONGOLICA” тогтоох үндсэн арга хэрэгсэл нь болжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!