Трампын холбоотнуудын нэг, тэрбумтан Илон Маск өчигдөр сошиал хуудсандаа “Exit NATO now!” (НАТО-гоос одоо гар) гэсэн үгтэй постыг дагагчидтайгаа хуваалцжээ.
Дараа нь тэр “Бид үнэхээр ингэх хэрэгтэй. Европын аюулгүй байдлыг хангахын төлөө Америк мөнгө үрэх утгагүй” гэж бичсэн байна.
Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш Дональд Трамп уламжлалт холбоотнуудтайгаа харилцаагаа муутгах бодлого явуулж эхэлсэн.
Өмнөх засаг захиргааныхаа үед тэр бас хамтын батлан хамгаалах зардлыг хангалттай хуваалцахгүй байгаа Европын холбоотнуудаа шүүмжилдэг байв.
Ийм холбоотнуудаа АНУ гаднын түрэмгийллээс хамгаалахгүй гэсэн байр суурийг Трамп энэ сарын эхээр илэрхийлсэн юм.
Тэрбээр Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украин улсыг дэмжих АНУ-ын гадаад бодлогыг үндсээр нь өөрчилснөөр Европын орнууд уг асуудалд анх удаа нухацтай хандаж эхэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Европын Холбооны 27 гишүүн улс санал нэгтэйгээр 800 тэрбум еврог батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэхэд зарцуулахаар болсон нь түүхэн үйл явдал байлаа.
Илон Маскийн хувьд Трампыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялахад их хэмжээний мөнгөөр тусалсан бол одоо түүний засаг захиргаанд төсвийн үр ашигтай байдлыг хариуцсан агентлагийг удирдаж байгаа юм. Түүнийг Трампын засаг захиргаанд хэт нөлөөтэй болсон гэж хардах явдал АНУ-ын хоёр гол намын аль алиных нь гишүүдээс гардаг болоод байна.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!