Уншиж байна ...

АНУ-ын нууц албаныхан Цагаан ордны ойролцоо ирсэн зэвсэгт этгээдийг бууджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
4 цаг 3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн шөнө Цагаан ордны ойролцоо нэгэн зэвсэгт этгээдийг буудаж, аюулгүй болгосноо АНУ-ын ерөнхийлөгчийн хамгаалалтын алба өчигдөр мэдээлжээ.

Буудуулсан этгээд шархдаж, ойролцоо эмнэлэгт хүргэгдсэн юм байна.

Тухайн үед Цагаан ордонд ерөнхийлөгч Дональд Трамп байгаагүй, амралтын өдрүүдийг Флорида дахь эдлэндээ өнгөрүүлэхээр явсан байжээ.

Бямба гарагт нууц албаныхан орон нутгийн эрх баригчдаас амиа золиослох зорилготой этгээд Индиана мужаас Вашингтон руу гарсан тухай мэдээлэл авсан гэнэ.

Нууц албаны офицерууд шөнө дундын хойно уг этгээдэд ойртож очиход галт зэвсэг гаргасан тул гал нээжээ.

Буудуулсан этгээдийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөөгүй байна.

Вашингтон хотын цагдаагийн газар уг хэргийг шалгаж байгаагаа мэдэгдсэн ч тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Сүүлийн жилүүдэд Цагаан ордны ойролцоо зэвсэгт халдлага үйлдэх оролдлого хэд хэдэн удаа гарч байлаа.

2023 онд Энэтхэгийн 20 настай цагаач Сай Варшит Кандула гэгч түрээсийн автомашинаар Цагаан ордны хашаанд нэвтрэх гэж оролдож байжээ.

Өчигдөр бас АНУ-ын агаарын хүчнийхэн Флорида дахь Трампын эдлэн Мар-А-Лагогийн агаарын орон зайд нэвтэрсэн иргэний тээврийн нисэх онгоцыг саатуулсан байна.

F-16 сөнөөгч онгоцнууд тухайн онгоцыг албадан шахаж, газардуулсан бөгөөд үүний улмаас Трампын аюулгүй байдалд ямар нэг нөлөө үзүүлээгүйг Умард Америкийн Агаарын Хамгаалалтын Төв (Norad) мэдэгджээ.

Флорида дахь Трампын эдлэнгийн агаарын орон зайд нислэг үйлдэх хориотой байдаг. Трампыг эдлэндээ байх үед уг хоригийн үйлчлэх радиусыг өргөтгөдөг юм байна.

 

Эх сурвалж: Reuters