Уншиж байна ...

Маск, Рубио нар Украинд ашиглагдаж буй Старлинкийн асуудлаар Польшийн сайдтай маргалджээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Украинд ашиглагдаж буй Старлинк системтэй холбоотой маргаан өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тэрбумтан Илон Маск, Польш улсын гадаад хэргийн сайд Радослав Сикорский нарын дунд өрнөжээ.

Маскийн үүсгэн байгуулсан SpaceX компанийн Старлинк хиймэл дагуулын интернэт холболтын системийг Украины арми Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг дайнд ашиглаж байгаа юм.

Эхлээд Маск өөрийн Х хуудсанд Старлинк систем Украины армийн гол хэрэгсэл болж буйг дурдаад “Хэрвээ би үүнийг салгавал фронтын шугам бүхэлдээ нурна” гэж бичжээ.

Польшийн гадаад хэргийн сайд Сикорский үүнд нь хариулахдаа “Украины хэрэглэж буй Старлинкийн зардалд Польшийн Дижиталчлалын Яам жил бүр $50 саяыг төлж байгаа. Түрэмгийллийн хохирогчийг заналхийлэх нь ёс зүйгүй үйлдэл юм. Хэрвээ SpaceX найдваргүй үйлчилгээ үзүүлэгч гэдгээ нотлох юм бол бид өөр нийлүүлэгч хайхаас өөр аргагүй болно” гэж бичсэн юм.

зураг
 
Польшийн гадаад хэргийн сайд Радослав Сикорский, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар

Энэ маргаанд төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцохдоо “Украиныг Старлинкээс салгах талаар хэн ч сүрдүүлээгүй байна” гэж бичээд сүрдүүлгийг “санаанаасаа зохиож байна” хэмээн Сикорскийг шүүмжилжээ.

Дараа нь Рубио “Та бүхэнд баярлалаа. Учир нь Старлинкгүйгээр энэ дайнд Украин аль эрт ялагдаж, Орос улс өнөөдөр Польштой хил залгаж байх байлаа” гэж бичсэн байна.

Сүүлд Маск “Жижигхэн хүн минь чимээгүй байгаарай. Танайх зардлын өчүүхэн хэсгийг төлдөг. Старлинкийг орлох зүйл байхгүй шүү” хэмээн Польшийн сайд руу хэл амаар дайрчээ.

 

Эх сурвалж: BBC