Уншиж байна ...

Г.Ууганцэцэг: Шахмал түлшнээс болж угаартаж нас барсан иргэдийн ар гэрт нь нэг тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохыг шаардаж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
25 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2018 оноос хойш шахмал түлшнээс болж угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор шаардаж Засгийн газрыг шүүхэд өгч байгаа талаар Хүний их эмч, Анагаах Ухааны доктор Г.Ууганцэцэг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Би эмч хүнийхээ хувьд сүүлийн хоёр жил утааны асуудлаар судалгаа хийж байгаа. Иргэн хүнийхээ хувьд энэ асуудлаар олон зүйлийг олж мэдсэн. Хамгийн түрүүнд манай улсад агаарын чанарын стандарт алга.

Үүнийг нотлох хамгийн энгийн жишээ нь дотор орчны агаарын чанарын стандартыг байгуулах Ажлын хэсэг тав дахь удаагаа байгуулагдсан. Харамсалтай нь одоог хүртэл энэ стандартаа батлаагүй.

Мөн гаднах орчны агаарын чанарын стандартыг үндсэн зургаан үзүүлэлтийг хардаг ч дэгдэмхий органик нэгдлүүдээ хэмждэггүй. Үүнийг хэмждэг албан ёсны лаборатори манай улсад байхгүй.

Бид 2018 оноос хойш шахмал түлш хэрэглэж байна. Гэвч шахмал түлшний барьцалдуулагч бодис нь одоог хүртэл стандартгүй байдаг.

Үүнийг саяхан болсон утааны сонсголоор мэргэжлийн хүмүүс нь ярьсан. Анхнаасаа стандарт тогтоож өгөөгүй тул шахмал түлш нь хортой, хоргүйг ялгах боломжгүй байгааг онцолсон. Тодруулбал 2018 оноос хойш бид хор түлээд, түүндээ хордож байгаа эсэхийг ч мэдэх боломжгүй байна.

Манай улсад угаарын хийн цочмог хордлогыг л эмчилдэг. Гэтэл бид өглөө гараад л орой гэртээ ирэх хүртлээ угаарын хийн архаг хордлогод өртдөг. Архаг хордлогыг эмчлэх стандарт тогтоож өгөхийг хүсэж байна. Тиймээс өнөөдөр Засгийн газарт гомдол гаргаж байна" гэв.

"Барьцалдуулагч нь стандартгүй учраас шахмал түлш хортой, хоргүйг мэдэх боломжгүй байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Иргэд захиргааны хэргийн шүүхэд хандахын тулд эхлээд тухайн байгууллагадаа гомдол гаргах ёстой. Ингээд 30 хоногийн дотор тухайн байгууллагаас хариу ирдэг хуультай. Ямар хариу ирэхээс шалтгаалж дараагийн шатны үйл ажиллагаандаа шилжинэ. Тиймээс төр шахмал түлш үйлдвэрлэж байгаа бол Засгийн газар хариуцлага хүлээх ёстой.

Гомдлын шаардлага маань үндсэн хоёр бүлэгтэй. Эхнийх нь дээр дурдсан стандартуудыг 2025 оны тавдугаар сарын 1-ний дотор боловсруулж, долдугаар сарын 1-нд гэхэд батлах, 

Түүнчлэн угаарын хийн улмаас нас барсан иргэдээс уучлалт гуйж, нас барсан иргэдийн ар гэрт нь нэг тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохыг шаардаж байна" гэсэн юм.