Уншиж байна ...

Сирид хоёр өдрийн дотор мянга гаруй хүн алагдсан зэвсэгт мөргөлдөөн гарчээ

Т.Давааням, ikon.mn
3 цаг 46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сирийн шинэ засгийн газрын цэргүүд болон Ассадын дэглэмийг дэмжигч бүлгийн хооронд гарсан зэвсэгт мөргөлдөөний улмаас хоёр өдрийн дотор мянга гаруй хүн алагджээ.

Хохирогсдын 745 нь энгийн иргэд байсныг Их Британид төвтэй “The Syrian Observatory for Human Rights” байгууллага өчигдөр мэдээлсэн байна.

Энэ нь 2011 онд Сирийн иргэний дайн эхэлсэн цагаас хойш богино хугацаанд хамгийн олон хүний амь үрэгдсэн тохиолдлуудын нэг болж байгаа ажээ.

Энгийн иргэдийн амийг хөнөөсөн үйлдэл нь голдуу цаазын ял гүйцэтгэх арга хэлбэртэй байсан байна. Үүнээс гадна Сирийн засгийн газрын хүчнээс 125 хүн, Ассадын дэмжигчдээс 148 хүн алагджээ.

Пүрэв гарагт Ассадын дэмжигчид тэнгисийн эргийн Латакиа мужийн Жаблех хотод засгийн газрын цэргүүдийг отолтод оруулснаар мөргөлдөөн эхэлсэн байна.

Гурван сар гаруйн өмнө Ассадын дэглэмийг түлхэн унагасан босогчдын засгийн газрын хувьд энэ нь өнөөдрийг хүртэл тулгарсан хамгийн том сорилт болж байгаа юм.

Олон зуун энгийн иргэнийг хядсан нь цэргүүдийн “хувийн өшөө авалт” хэлбэрийн үйлдэл байсан гэж Сирийн засгийн газар тайлбарлаж байна.

Ням гарагт Сирийн шилжилтийн үеийн ерөнхийлөгч Ахмад аль-Шараа уг мөргөлдөөнийг “тооцоолж байсан сорилтуудын нэг хэсэг” гэж мэдэгдээд ард түмэндээ эв нэгдэлтэй байхыг уриалжээ.

“Сирийн талаар итгэлтэй байгаарай. Энэ улс оршин тогтнох чадвартай. Одоогоор Сирид болж буй үйл явдал нь тооцоолж байсан сорилтуудын хүрээнд өрнөж байна” гэж тэр мэдэгдсэн байна.

Аль-Шараа бас энгийн иргэдийн амь насанд халдсан бүхэн хатуу шийтгэл хүртэхийг амлажээ.

Мөргөлдөөн гарсан Газар дундын тэнгисийн эрэг нь Исламын шашны Алавит урсгалыг дагагчдын уугуул нутаг юм. Сирийн дарангуйлагч Башар аль-Ассад энэ урсгалыг дагагч байсан бөгөөд босогчид нийслэл Дамаск хотыг хяналтдаа авсны дараа алавитуудын аюулгүй байдлыг хангахаа амлаж байсан юм.

Баасан гарагт НҮБ-ын Сирид томилогдсон тусгай элч Гиер Педерсэн энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахыг Дамаскийн эрх баригчдад уриалж байв.

Францын засгийн газар бас энгийн иргэдийг “шашин шүтлэгээр нь ялгаварлан харгислах”-ыг буруушааж байгаагаа мэдэгдэж, хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг уриалжээ.

 

Эх сурвалж: Associated Press