Амьсгалын замын зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс өнөөдөр зөвлөмж хүргэлээ.
Улаанбурхан, менингококкт халдвар, томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа дараах мэдээллийг өгсөн юм.
Амьсгалын замын халдварын тохиолдлууд бүртгэгдсэн хэвээр байна.
Томуу, томуу төст өвчин 15 аймагт алаг цоог дэгдэлтийн түвшинд байгаа. Цагаан сарын баяртай холбоотойгоор цаашид дэгдэлт нэмэгдэх хандлагатай.
Амбулаториор хандаж тусламж үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчид 6.5 хувьтай байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 70-аас дээш хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлжээ. Бага насны хүүхдийнхээ асаргаа, сувилгаанд анхаарах шаардлагатай.
Цэврүүт тууралтат хам шинжийн өвчлөл өндөр хувьтай бүртгэгдэж байгаа. Тэр дундаа салхин цэцэг, интервирусийн халдвар, гар, хөл, амны өвчин нэлээд хувийг эзэлж байна.
Мөн улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн, батлагдсан тохиолдол бүртгэгдсээр.
Менингококкт халдварын сэжигтэй тохиолдол дахиж бүртгэгдээгүй ч дэгдэлтийн жил учраас анхаарах шаардлагатай. Менингококкт халдварын хөдлөл зүйг харвал 1-5 сард ихэнх тохиолдлууд бүртгэгдсэн. Сүүлийн 10 жилийн хөдлөл зүйгээс харахад хамгийн өндөр хувь нь гуравдугаар сард байна.
Олноор тэмдэглэдэг уламжлалт сар шинийн баяр гуравдугаар сард тохиож байна. Нэмээд амьсгалын халдварын улиралчлал давхцаж байгаа.
Менингококкт халдварын дийлэнх хувь нь халуун ам бүл буюу голомтын хүрээнээс бүртгэгдсэн дүр зурагтай.
Сүүлийн 10-20 жилийн хөдлөл зүйгээс харагдаж байгаа учраас илүү соёлтой, хариуцлагатай шинэлэх, золгох шаардлага үүсээд байна.
Аялал жуулчлал хил хязгааргүй болсон энэ цаг үед иргэд маань сонор сэрэмжтэй аялж амрах нь зүйтэй. Таны очих гэж байгаа улс оронд ямар өвчлөл нутагшмал болон дэгдэлтийн түвшинд байгаа талаарх мэдээллийг сайтар авч хариуцлагатай аялаарай.
Улаанбурхан өвчин:
Удахгүй аялах төлөвлөгөөтэй байгаа иргэд маань энэ мэдээллийг анхааралдаа авах хэрэгтэй.
Манай улсын иргэдийн хамгийн их аялдаг Вьетнам улсад улаанбурхан өвчний дэгдэлт их байна.
Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн учраас сар шинийн баяраар хариуцлагатай, эрүүл ахуйн дэглэмээ чанд сахиж шинэлэхийг мэргэжлийн төв байгууллагын зүгээс уриалж байна.
Ялангуяа бага насны хүүхдийг үнсэхгүй байх зарчмыг барихыг уриалж байна.
Улаанбурхан өвчний дархлаажуулалт заавал хийх товлолд багтдаг. Тодруулбал есөн сартай, хоёр настай хүүхдүүдэд энэ төрлийн дархлаажуулалт хийдэг.
Мөн сайн дурын дархлаажуулалтын хэлбэрээр хийж байгаа.
Түүнчлэн цагаан сарын баярын үеэр хоолны хордлогын тохиолдол бүртгэгдэхээс сэргийлэх хэрэгтэйг ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!