Спорт маягийн хандлагатай авсаархан RAV4 гэдэг машин болбоос Монголд маш нэр хүндтэй. Авто сонирхогчид энэ машинд хир халдаахгүй. Төд удалгүй эздээ олохоос гадна хоёрдогч зах зээл дээр ч эрэлттэй.
SUV-ийн сегментэд өрсөлдөнө гэдэг тийм амар зүйл биш. Гэвч Toyota-д анхнаасаа SUV бүтээж ирсэн агуу гайхамшигт туршлага байсан тул ах нараас нь дүү RAV4-д шууд технологиудыг шингээчихсэн юм. Ахын хувцас хэрэглэл дүүд дамждагтай адил юм уу даа.
Land Cruiser 80 гэдэг машин дэлхийг тамгалж байх үед RAV4 төрсөн юм. 1994 он гэсэн үг. Анхандаа царай зүс тиймхэн байсан боловч бартаат замын чадварыг түүнд харамгүй шингээсэн юм. Гол нь тэр маш бат бөх, эзнээ хаана ч явгалахгүй гэсэн үзэл санаатай байв. Тэгээд бага оврын биетэй тул хэмнэлттэй, хөдөөд ч, хотод ч унахад тохиромжтой байв. Албан ёсны нэршил нь бага оврын кроссовер гэдэг ч бидний хувьд SUV шахуу.
Хэдийгээр Land Cruiser 80 шиг чулак, бүтэн рамгүй ч RAV4 гэдэг машины хувьд хагас рамтай бүтэц, бат бөх хийцтэй байнгын AWD систем нь туулах чадварыг үлэмж сайн байлгаж чадсан юм.
Ингээд RAV4 бол засмал дээр сайхан зөөлөн явдалтай мөртлөө шороон замд ч өөрийн хэмжээнд чөлөөтэй явж чадна гэсэн баталгаатай болжээ. Анхны индекс нь L, J гэсэн үсэгтэй байсныг авто сонирхогчид санаж буй биз ээ. L нь Liberty, J нь Joyful гэсэн утгатай бөгөөд тус бүр Эрх чөлөө, Баяр баясгалан гэж орчуулагдах аж.
Аа тийм, RAV4 гэдэг бол Recreational Active Vehicle Four буюу Зугаа Цэнгэлийг Үйлдэхэд хамгийн саак тэрэг гэсэн утгатай. Four ‘4’ гэсэн утга бол “for” – “юунд ч” гэсэн санааг илтгэнэ. За ер нь бидний бодит орчуулгаар бол “Хоёр талдаа ажиллагаатай хязаалан үрээ” дээ. Тоёота зүгээс энэ концепцийг анх илүү дутуу зүйлд дургүй машиныг яг өдөр тутмын бүх зүйлд талх шиг хэрэглэдэг шинэ үеийнхэнд зориулж гаргасан нь тодорхой. Одоогийн байдлаар яг 5н женерэшн үйлдвэрлэгдээд байна даа. Цаашдаа RAV4 мөнхөд “элайв” буюу хэзээ ч зогсохгүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Энэ тэргийн талаар юм бичихээр л магтчих гээд хазаараа татаж тухтай үзнэ ээ.
Сайн машин гэдэг цуврал бүрдээ улам сайжирч, нэр хүндээ хамгаалж байдаг учиртай. Олон цуврал явсан машин дэлхийн түүхэнд их биш. RAV4-ийн хувьд Land Cruiser-ийг бодвол арай богино хугацаанд шинэчлэгддэг. Засмалын чадвартай тэргийг хурдан шинэчлэхгүй бол дэлхий хурдан эргээд байгаатай холбоотой болов уу.
1994 оноос эхэлсэн RAV4 6 жилийн дараа шинэ цувралаа гаргасан XA20 хэмээх индектэй байв. Өмнөхөөс үл ялиг томорч, хөдөлгүүрийн сонголт арвин болжээ. 2005 он хүртэл үргэлжлээд XA30 хэмээх 3-р цуврал гарав. Дэлхий нийтийн чиг хандлагын дагуу хотын чадварыг үлэмж дээшлүүлжээ. Салоны тав тух, гадна үзэмж, хэрэглээний эвтэй байдал гээд олон зүйлсийг нарийн боловсруулж шингээсэн байна. Монголчууд бидний маш дуртай загвар гэж болно. Энэ цуврал 7 жил үргэлжлээд 2012 оноос 4-р үе эхлэв. Машины давхих хурд дээшилсэн тул гадна загварын аэродинамик чадварыг маш сайн дээшлүүлжээ. Ардаа үүрдэг дугуй энэ үеэс эхлэн үүрд алга болов. Хайбрид хувилбар анх танилцуулагдсан гол онцлог байлаа. AWD систем цуврал бүрд сайжирч байсны адил энд ч сайжирчээ. Гулгалтын эсрэг, өгсөх уруудах, шаварт түгжих гээд олон туслах системийг нэрлэж болно.
Ингээд 5-р үе XA50 гэдэг индектэйгээр 2018 оноос эхлэн явж байна. Toyota-ийн алдарт TNGA гэдэг суурь платформ дээр хийгдсэн. 2 литр, 2.5 литр, 2.5 + Хайбрид гэсэн сонголтуудтай. Бүх загвар AWD системтэй гэдэг нь янз бүрийн гадаргууг туулах ерөнхий чадамжтай гэдгийг илтгэнэ. Toyota Safety Sense гэсэн багц аюулгүй системийг санал болгодог.
Манай эх орон хэчнээн сайхан, хэчнээн өргөн уудам билээ. Тэр хэрээр бидэнд сайн автомашинтай байх хэрэгцээ бүхнээс илүү байдаг. Хүлэг морио орчин үед машинаар солиод чамгүй хугацаа өнгөрчээ. Бидэнд урт холын замыг туулахад сайн л машин хэрэгтэй.
Зах хязгаар нь үл харагдах өргөн уудам тал, дээрээс доороос зэрэг шарах гал халуун говь, өвдөг шигдэх шахсан нүд гялбам цагаан цас, гутал хүртэл сорох зуны намаг, дугуй нэвт сүлбэх шахсан хурц хадтай чулуурхаг нурууд гээд байгалийн бүхий л тогтоц бий. Зундаа +30, өвөлдөө -30 градус хүрдэг нь ямар ч машины хувьд сорилт болохоор том зөрүү юм. Энэ бүхнийг барагтай машин тэсэж чадахгүй тул цөөхөн хэд нь л бидний сэтгэлд үүрд үлджээ. Эдний нэг нь RAV4 гэдэг нь эргэлзээгүй. Найдвартай байдал, туулах чадвар, эдийн засгийн хэмнэлт, бөх бат байдал, хэрэглээний олон талт чадвар, нэмээд тав тухыг зэрэг хослуулсан гайхамшигт бүтээл гэж нүүр бардам хэлнэ.
Toyota RAV4-ийн хайбрид бензин хувилбар нь бүр ч таатай. Хот дотор, алс баруун аймгуудаар аялаад ирэхэд үргэлжийн 20 хувь хүртэл бага шатахуун зарцуулах тул айл гэрт таатай байлгүй яахав.
Энэ бүхнийг дүгнэхэд монголчуудын зүрхэнд хоногшиж, хамгийн их эрэлттэй SUV болсныг эрхгүй гэрчилнэ.
5-р үеийн загварын цоо шинэ хувилбар нь орчин үеийн машинд байх ёстой бүх гоё технологиудыг агуулсан. Таны утастай холбогдож, тантай ярьж, аваар ослын үед танай гэр бүлийг хамгаалахын төлөө тэр бүхнийг хийнэ. Арын тохилог суудлуудад хүүхдүүд таатай зорчиж, багаажиндаа майхан сав, тогоо шанага гээд бүгдийг багтааж болно.
Гэр бүлээрээ аялж буй нөхцөлд айхтар хурдтай явахаас илүүтэй найдвартай явах нь чухал болж хувирдаг. Хэт хүнд бартаанаас зайлсхийж, тайван явах тул RAV4 энэ тал дээр төгс зохицно. Гэвч цас, багахан шавар, элс, гол туулах зэргээс зайлсхийх боломжгүй тул туулж л таараа. RAV4 харин нүүр тулсан бол ямар ч бартаатай тулаад гарах зориг зүрх бий.
RAV4 өөрийн ангилалд дундаа шилдэг үзүүлэлт гаргадгийг Орос, Канад, Тайланд, Австралийн олон удаагийн review, тойм, туршилтад батлан харуулсан байдаг.
RAV4 бол маш өндөр клиренстэй гэдгийг заавал дурдах ёстой. Газраас өндөр гэсэн үг. Туршлагагүй шинэхэн жолооч бордюр давах, чулуу мөргөх зэрэгт машин яах ч үгүй гэсэн үг. Мэдээж өндөр клиренс нь монголын уудам замыг туулахад хэрэг бололгүй яахав. Элэг бөөрөө гэмтээхгүй гол үндэслэл шүү дээ, гол ус туулахад ч шууд нэмэртэй.
Land Cruiser 80 зэрэг хэт бартааны машины чадавхуудыг туршлагагүй хүн ажиллуулж чаддаггүй зовлонтой байдаг бол RAV4-ийг залуухан хүү, эсвэл 80-тай буурай эмээ ч унаж чадна.
Шороон зам дээр давхих ч ямарваа хүн жолоо мушгихын дээд таашаал, амьдралын өвөрмөц кайф, эрч хүч, ур чадварын бэлэг юм шүү. Андреналин ялгаруулан таны мэдрэмжийн сенсорууд 100%-аар ажиллах ч тасархай. Шороон зам дээр 70-100-тай давхиж чадаж байгаа бол ч, энэ бол тансаг мэдрэмж ... Хурдан морь хулмайчихаад давхидагтай адил RAV4 бол ёстой нэг замыг бол хуньж өгч байгаа юм даа. Compact SUV ангилалд бол ингэж явах тэрэг ховор доо, ховор.
Газрын онь хуниас, замын ховил, хаашаа дарж гарах аль болох эргэлт дээр нэг тал хэт ачаалал өгөхгүй дарах, техникийн нөөц бололцоог мэдэрч ашигт үйлийн коэффициент хамгийн өндөр байхаар машиныг эдлэх ч сайхан. Яваандаа бүүр таныг ойлгоод замыг нэг огцом хуньж, явах шиг л болно. Ер нь тэгээд сайхан эдэл хэрэглэ, явах газар нь сайн явуул, гишгэх газар нь гишгэ, авирах ууланд нь авируул, туулах голоор нь туулуул, сурга гэхдээ юмыг нь эргүүлээд сайн хий, сайн торд гэдэг зарчим л үйлчилнэ шүү, энэ машины хувьд.
Аятай тухтай, явдал зөөлөн, хөл хөнгөн хурдтай, хүчтэй шаргуу, хаа ч таныг саадгүй, эдийн засгийн хувьд үнэхээр тааламжтай, хэн ч харсан хөөрхөн тийм тэрэг бол TOYOTA RAV4 мөн дөө!!!
Хэрвээ та хэт хүнд бартаа руу оролгүй замаа зөв сонгоод явж чадвал RAV4 таныг Монголын аль ч цэгт аваачаад буцаагаад аюулгүй аваад ирж чадах тийм л итгэлтэй хүлэг билээ. Үүнийгээ өвөл зуны бүх цагт гүйцэтгэж чадна гээд бод доо.
Ер нь бол RAV4-ийг нэг эзэмшсэн хүн буцааж зарахдаа тун дургүй байдгийг нэмж хэлье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!