Уншиж байна ...

Өмнөд Солонгосын волейболын од тавдугаар сард сүүлчийн тоглолтдоо оролцоно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын волейболын од Ким Ён Кун энэ улирлын лигийн тэмцээнийг дуусгасны дараа зодог тайлах болсныг Баасан гарагт зарлажээ.

Тэрбээр тавдугаар сард зохион байгуулагдах оддын тоглолтод сүүлчийн удаа оролцох болсныг бас зарласан байна.

“Миний үе мөч өвддөг болсон. Тиймээс өндөр түвшний ур чадвартай байхдаа зодог тайлах нь зөв гэж бодлоо. Би тавдугаар сард гадаадын тоглогчдыг урьж оролцуулах KYK Invitational 2025 тоглолтын үеэр албан ёсоор зодог тайлна” гэж тэр клубийнхээ YouTube сувгаар мэдээлжээ.

Гэнэтийн мэдэгдлийнхээ талаар Ким “Улирлын тоглолтууд эхлэхээс өмнө би энэ талаар зарлах бодолтой байсан ч клубийнхээ удирдлагуудтай ярилцсаны дараа хойшлуулсан. Хүмүүст сэтгэл зүйгээ бэлдэх хугацаа өгөхийн тулд гуравдугаар шатны төгсгөлд зарлах нь зөв гэж би шийдсэн юм” гэж тайлбарласан байна.

Тэрбээр хөгжөөн дэмжигчдэдээ сүүлийн тоглолтуудыг нь биеэр ирж үзэхийг уриалжээ.

“Энэ улирал дуусмагц та бүхэн Ким Ён Куныг дахин волейбол тоглохыг харахгүй. Тиймээс намайг харах хүсэлтэй хүмүүс яг одоо зааланд ирээрэй” гэж тэр инээмсэглэн хэлсэн юм.

Тэрбээр спортын замналдаа сэтгэл хангалуун байдаг ч 2012 оны Лондон, 2021 оны Токиогийн зуны олимпын наадмуудаас медаль зүүх боломжоо алдсанд харамсаж явдгаа хүлээн зөвшөөрчээ.

“Би олон жил шаргуу хөдөлмөрлөсөн. Одоо энэ ачааллаасаа салж, амьдралын хоёр дахь үе шатаа илүү тав тухтай өнгөрүүлмээр байна. Би бусдаас авсан хайраа хариулахыг хүсэж байна. Цаашдаа ямар ч үүрэг хүлээсэн волейболын спортод ямар нэг байдлаар хувь нэмрээ оруулсаар байх болно” гэж Ким ярьсан байна.

Тэрбээр 2005-2006 оны V-League-ийн улирлаас мэргэжлийн тамирчны замналаа эхэлж, сүүлд Япон, Турк, Хятадын клубүүдэд тоглож, дэлхийн шилдэг волейболчдын нэг болсон юм.

V-League-ийн ердөө найман улиралд тоглохдоо тэр 5,250 оноо авсан нь бүх цаг үеийн тоглогчдын зургаадугаарт эрэмбэлэгдэх өндөр үзүүлэлт болж байжээ.

Энэ улирлын тоглолтод Ким 521 оноогоор зургаадугаарт, 45.36 хувийн довтолгооны үзүүлэлтээр хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.

 

Эх сурвалж: Korea Times