Хоёрдугаар сарын 6-ны өдөр Киргизстан улсын парламент хүмүүсийн овог нэрийг үндэсний уламжлалт хэлбэрээр солихыг хөхүүлэн дэмжих тухай хуулийг баталсан юм.
Хууль хэрэгжиж эхэлсний дараа тус улсын парламентын гишүүн Нурланбек Тургунбекович Шакиев нэрээ Тургунбек уулу Нурланбек болгон өөрчилж байгааг зарлажээ.
“Би энэ шийдвэрийг нэг шөнийн дотор гаргаагүй. Энэ бол миний олон жилийн мөрөөдөл байсан” гэж тэр Фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.
1991 онд Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Төв Азийн таван улсад нэрээ уламжлалт хэлбэрээр өөрчлөх хөдөлгөөн эхэлж байсан ч ОХУ-д ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байсан тулд ихэнх нь хуучнаараа нэрлэсэн хэвээр үлджээ.
Харин одоо энэ хандлага дахин сэргэж байна.
Киргизийн ард иргэдийн хувьд нэрийнхээ орос хэлбэрийн “ов, ев, ова, ева” төгсгөлүүдийг эр, эм хүйсийн дагуу “уулу, кызы” болгон өөрчилж байгаа юм.
Гэхдээ тус улсад батлагдсан хууль нэрээ солихыг албадахгүй байгаа бөгөөд иргэдийн сонголтоор үлдээсэн байна.
Одоогоор Төв Азийн таван улсаас зөвхөн Тажикистан 2016 оноос эхлэн орос хэлбэрийн нэрийг хориглох болсон юм.
Тус улсын ерөнхийлөгч Эмомали Рахмон 2007 онд өөрийн Эмомали Шарифович Рахмонов нэрийг уламжлалт хэлбэрээр сольж байжээ.
Узбекистан, Казахстан улсууд бас 1990-ээд оны дунд үеэс сайн дурын үндсэн дээр нэрээ солихыг зөвшөөрсөн хуультай болсон юм.
Харин Туркменистан улс л ганцаараа оросчилсон нэрийг хатуу дагасан хэвээр байна.
Төв Азийн улсуудад хүний нэрээс гадна хот тосгод, гудамж талбайн орос нэрсийг халах ажил үргэлжилж байгаа.
Тухайлбал Киргизстаны нийслэл Бишкек хотын дөрвөн дүүрэг 2022 онд Ленин, Свердлов, Майн нэгэн, Октябрь нэрүүдээ солиход ОХУ-ын парламентын гишүүд хүчтэй эсэргүүцэж байжээ.
Эх сурвалж: Radio Free Europe
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!