"Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэхэд иргэний нийгмийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг Туушин зочид буудалд өнөөдөр зохион байгуулагдав.
Сүүлийн таван жилийн хугацаанд хуулийн байгууллагад эрүү шүүлттэй холбоотой нийт 500 орчим гомдол мэдээлэл ирсэн.
Үүнээс ердөө 14 хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн хэргийг ямар шалтгаанаар шийдээгүй вэ гэх асуулт үүссэнийг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор, дэд профессор Я.Цэлмэн хэлсэн юм.
Үргэлжлүүлэн дээрх асуудлын хүрээнд Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт дараах байр суурийг илэрхийлж байлаа.
Тэрбээр хэлэхдээ "Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулиар эрүү шүүлттэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч, шалгах эрх мэдлийг бий болгох хэрэгтэй байна.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болон бусад холбогдох хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг эрүү шүүлт гэж хэлээд байгаа.
Энэ төрлийн гомдлыг Хүний Эрхийн Үндэсний Комисс хүлээж авахгүйгээр хуульчилсан байгаа нь эрүү шүүлттэй тэмцэх төрийн бодлого хангалтгүйг илтгэж байна. Яагаад гэвэл манай прокурор, шүүх, цагдаагийн байгууллагын тогтолцоо үндсэндээ маш гажуудсан.
Тухайлбал прокурорын байгууллага Үндсэн хуулиасаа гажсан үйл ажиллагаа явуулж байна.
Прокурор зөвхөн хэрэг бүртгэх болон мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, улсын яллагчаар оролцоно гэсэн чиг үүрэгтэй. Гэтэл өнөөдөр прокурор шийдвэр гаргагч болчихсон байна.
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар хэнээс ч хараат бусаар хэргийг шалгах ёстой хүмүүс. Гэтэл тэд зөвхөн прокурорын саналыг үндэслэн шийдвэр гаргаж болж хувирсан" гэлээ.
Мөн "Ард түмний төлөөлөл шүүхэд оролцож, хөндлөнгийн оролцоотойгоор бодит үнэнийг тогтоох ёстой байдаг.
1992 оноос хойш улс төрчдийн томилсон шүүгч нар хэрэг маргааныг шийддэг болсноос хойш өнөөдөр манай ерөнхий сайд хүртэл эзэнтэй, эзэнгүй шүүгчийн тухай яриад сууж байна шүү дээ.
Эрүү шүүлттэй холбоотой дагалдах маш олон тулгамдсан асуудал бий. Эдгээрийг шийдэхийн тулд бие даасан, хараат бус субъект хэрэгтэй.
Эрүү шүүлттэй тэмцэнэ гэдэг бол зөвхөн хэн нэгэн хэлмэгдсэн хүн хэвлэлийн хурал хийгээд уйлах асуудал биш.
Бүх нийтээр эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нь чухал. Ирээдүйд эрүү шүүлт хэнийг ч хүлээж байж мэднэ.
Гэвч эрүү шүүлтэд өртсөн тохиолдолд хүн өөрийнхөө эрхийг хэрхэн хамгаалах талаар ямар ч мэдлэггүй. Тиймээс иргэдийн эрх зүйн боловсролыг сайжруулах нь чухал алхам" гэлээ.
Үргэлжлүүлэн сэтгүүлчийн асуултад Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт дараах хариултыг өгөв.
Сэтгүүлч: Прокурорын байгууллагад эрүү шүүлттэй холбоотой 500 гаруй хэрэг шалгагдахаар очсон ч дөнгөж 14 хэрэг шийдэгджээ. Тэгэхээр үүний цаана олон хүн асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй яваа. Энэ нь зөвхөн прокурорын байгууллагаас гаргаж байгаа тоо. Гэтэл иргэний нийгмийн байгууллагууд дээр хүний эрх зөрчигдсөн олон кэйс байгаа болов уу?
Х.Бат-Ялалт: Хэрэг болгоны цаана хүний эрх зөрчигдөж байгаа. Жишээ нь дуудах ажиллагаанаас эхлээд л хүний эрхийг зөрчдөг. Харамсалтай нь иргэд өөрсдийнхөө эрхийг хэрхэн зөрчигдөж байгааг мэдэхгүйгээсээ болж гомдол гаргадаггүй.
Жишээлбэл цагдаагийн хурандаа нар авлига авсан тухай олны анхааралд өртсөн хэрэг хэдэн жилийн өмнө гарч байсан. Асуудал нь маш тодорхой. Гэтэл энэ хэрэг нь байхгүй.
Авлигатай Тэмцэх Газар эсвэл бусад тусгай субъектийн эрх шалгадаг байгууллагууд руу өгөхөөр нөгөө хэрэг алга болчихдог.
Эрүү шүүлт бол алхам бүрд бий. Эрүү шүүлт гэж юуг хэлэх юм бэ?
Жишээ нь хүнтэй муухай харьцахаас л эхэлнэ. Хаалга онгойлгоод ороход л "Хулгайч минь хаагуур яваад байгаа юм бэ” гэж хэлэх чинь л эрүү шүүлт.
Эрүү шүүлтийн тухай нийтээрээ ойлголтгүй. Эрүү шүүлттэй холбоотой гомдол гаргахыг "Хүний мууг үзэх гэлээ", “Адгийн зарга арав хоног. Үүний араас яваад яах вэ” гэдэг хандлага гаргадаг. Энэ нь хүний эрхийн зөрчлийн эхлэл болж байдаг.
Харц тулгарах цагаас л хүний эрх зөрчигдөж эхэлж байна.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад хүний эрхийг хамгаалах тухай ойлголт маш их. Харамсалтай нь иргэд өөрсдийнхөө эрхийг мэддэггүй. Өөрийнхөө эрхийг хамгаалах тухай ямар ч ойлголтгүй байна.
Хүний эрх, эрүү шүүлтийн асуудал тулгамдсан байгааг хэдхэн жишээгээр яръя.
Өнөөдөр энд Тагнуулын Ерөнхий Газрын сөрөх тагнуулын дарга байсан хүн холбоо байгуулчхаад өөрийнхөө эрхийг хамгаалах гээд явж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс ч өөрсдийгөө хэлмэгдсэн тухай ярьдаг. Тэгвэл энгийн ард иргэдийн хувьд хэлмэгдүүлэлт, тэдний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд хамгаалалт бий юу? Үгүй. Тийм учраас бүх нийтээр эрүү шүүлттэй тэмцэх ёстой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!