Уншиж байна ...

Украинд энх тайван тогтоох асуудлаар Путинтэй утсаар ярьж тохиролцсоноо Трамп мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
4 цаг 44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа Украины дайныг төгсгөх энхийн яриа хэлэлцээг даруй эхлүүлэхээр тохиролцсоноо зарлажээ.

Яриа “урт бөгөөд маш үр дүнтэй” болсон тухай Трамп өөрийн сошиал хуудсанд мэдээлсэн байна.

“Бид өөр өөрийн улсын орны давуу талууд болон ирээдүйд хамтран ажиллахын ашиг тусын талаар ярилцлаа. Гэхдээ эхлээд бид Орос/Украины дайнд олон сая хүний амь үрэгдэж байгааг зогсоохоор тохиролцлоо” гэж Трамп бичжээ.

Тэрбээр дараа нь бас Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярьснаа мэдээлсэн байна.

Гэхдээ энхийн яриа хэлэлцээнд Украиныг оролцуулах эсэх талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй юм.

Сүүлд Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа Путинтэй харилцан айлчлал хийхээр тохиролцсон, гэхдээ эхлээд ойрын үед Саудын Араб улсад уулзахаар болсныг дуулгажээ.

Ингэхдээ тэр уулзалт хэзээ болох талаар хугацаа хэлээгүй юм.

Кремлийн хэвлэлийн алба Путин, Трамп нарын яриа нэг цаг, 30 минут орчим үргэлжилснийг сүүлд мэдээлжээ.

2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхэлсэн цагаас хойш хоёр улсын ерөнхийлөгч нар анх удаа шууд харилцсан нь энэ юм.

Тэд Ойрх Дорнод, хамтын ажиллагаа, Украин, ялтан солилцох зэрэг асуудлуудыг хөндсөн тухай Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков мэдээлжээ.

“Оросын ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгчийг Москвад айлчлахыг урьж, талуудын сонирхож буй асуудлуудаар, тэр дундаа Украины асуудлаар уулзах Америкийн албаны хүмүүсийг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийллээ” гэж тэр сэтгүүлчдэд хэлсэн байна.

Сүүлд Украины ерөнхийлөгчтэй утсаар ярьсан талаараа Трамп “Яриа маш сайн үр дүнтэй болсон. Тэр бас ерөнхийлөгч Путиний нэгэн адил энх тайвныг хүсэж байна” гэж сошиал хуудсандаа бичжээ.

Зеленский мөн Трамптай “чухал ач холбогдолтой яриа өрнүүлсэн” тухайгаа мэдээлсэн байна.

“Бид энх тайван тогтоох боломжуудын талаар ярилцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлцгээлээ. Тухайлбал Украины нисгэгчгүй онгоц болон бусад дэвшилтэт технологийн чадавхыг ашиглах талаар ярилцлаа” гэж тэр сошиал хуудсаараа мэдээлжээ.

Зеленский бас Лхагва гарагт Киевт айлчлан ирсэн АНУ-ын сангийн сайд Скотт Бессенттэй хоёр улс Украины ашигт малтмалын нөөцийг хэрхэн хамтран ашиглах талаар ярилцсаныг мэдээлсэн юм.

Трамп түүнд Путинтэй утсаар ярилцсан зүйлээ дэлгэрэнгүй мэдээлснийг дурджээ.

Маргааш буюу Баасан гарагт Германы Мюнхен хотод АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Украины асуудал хариуцсан Трампын тусгай элч Кит Кэллог нар Зеленскийтэй уулзах төлөвлөгөөтэй байгаа.

Франц, Герман, Испанийн гадаад хэргийн сайд нар өчигдөр Украинд энх тайван тогтоох ямар ч яриа хэлэлцээ Киев болон Европын холбоотнуудын оролцоогүй хэрэгжих ёсгүйг мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: AFP