Уншиж байна ...

Газын зурвасыг эзлэх Трампын төлөвлөгөөг Умард Солонгосын төв хэвлэл “дээрэм” гэж нэрлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
5 цаг 38 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хоёр сая гаруй палестинчуудыг нүүлгэж, газар нутгийг нь эзлэх АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын төлөвлөгөөг Умард Солонгосын төв хэвлэл өчигдөр хатуу шүүмжилжээ.

“АНУ-ын энэ цочир мэдэгдлийн улмаас дэлхий дахин яг одоо халуун тогоотой зутан шиг буцалж байна” гэж Солонгосын Төв Мэдээний Агентлаг мэдээгээ эхлүүлсэн байна.

Мэдээнд цааш бичихдээ Газын зурваст хяналтаа тогтоох санаа нь АНУ-ын дэлхийд ноёрхох түрэмгий санаархлын нотолгоо болохыг онцолжээ.

Ингэхдээ Панамын сувгийг эзлэн авах, Гринланд арлыг нэгтгэх төлөвлөгөөнүүд болон Мексикийн буланг Америкийн булан болгон өөрчилсөн Трампын шийдвэрийг “дээрэм” гэж нэрлэсэн байна.

“АНУ анахронист зүүднээсээ сэрж, бусад улс орон, үндэстнүүдийн нэр төр, тусгаар тогтнолд халдах үйлдлээ даруй зогсоох ёстой. Энэ нь зөвхөн Газын зурваст хамаатай асуудал биш” гэж мэдээнд бичжээ.

Мөн Пёняны төв хэвлэл Газын зурвасын нөхцөл байдлыг шүүмжилж, палестинчуудыг “хядаж” байгаа Израиль улсыг буруушааж, АНУ-ыг энэхүү гэмт хэргийн хамсаатнаар нэрлэсэн байна.

Хэдийгээр олон улсын хамтын нийгэмлэг эсэргүүцэж байгаа ч Дональд Трамп палестинчуудыг нутгаас нь бүрмөсөн нүүлгэж, Газын зурвасыг “диваажин” болгох санаагаа дахин дахин илэрхийлсээр байгаа.

Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд Умард Солонгосын дэглэм АНУ-ын засаг захиргаатай харилцаагаа сайжруулж байсан.

Трамп, Ким Жон Ун нар гурван ч удаа уулзаж, 2019 онд Умард Солонгосын газар нутагт хөл тавьсан АНУ-ын анхны ерөнхийлөгч Трамп болж байв.

Гэвч тэр үеэс хойш хоёр улсын харилцаа эрс муудаад байгаа.

Энэ долоо хоногийн эхээр Өмнөд Солонгосын Бусан боомтод АНУ-ын цөмийн шумбагч хөлөг ирж байрласныг Пёняны эрх баригчид ширүүн эсэргүүцэж, шаардлагатай хариу арга хэмжээг авахад бэлэн байгаагаа анхааруулсан юм.

Трамп тангараг өргөснийхөө дараа хоёрдугаар сарын 7-нд анх удаагаа Умард Солонгосын талаар байр сууриа илэрхийлэхдээ тус улстай найрсаг харилцаа тогтоохоо хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.

 

Эх сурвалж: Reuters