Уншиж байна ...

Финланд улс Европын анхны ногоон устөрөгчийн үйлдвэрийг ажиллуулж эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
6 цаг 14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Финландын P2X Solutions компани өчигдөр Европын анхны ногоон устөрөгчийн үйлдвэрийг ажиллуулж эхэлжээ.

Тус улсын баруун бүсийн Харявалта хотод нээгдсэн энэ үйлдвэр байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй устөрөгчийн түлшийг үйлдвэрлэхдээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр (салхины) ашигладаг тул “ногоон” гэгдэж байгаа юм.

P2X Solutions компанийн дийлэнх хувийг Швейцарын эрчим хүчний Alpiq групп эзэмшдэг.

Шинэ үйлдвэр нь 20 MW хүчин чадалтай бөгөөд дараагийн шатанд метанжуулалтын байгууламжийг тус үйлдвэрт нэмж нээх юм байна.

Үйлдвэрийг байгуулахад Финландын эдийн засаг, ажил эрхлэлтийн яам 26 сая еврогийн тусламж үзүүлсэн бол Финландын Уур Амьсгалын Сан 10 сая евро зээлжээ.

“Бид Европт арилжааны зориулалтаар ажиллаж эхэлсэн анхны ийм үйлдвэр боллоо” гэж P2X Solutions компанийн гүйцэтгэх захирал Херкко Плит мэдэгдсэн байна.

“Харявалтагийн үйлдвэрлэл эхэлснээр Финланд улсын ногоон устөрөгчийн эдийн засаг төлөвлөлтөөс бодит амьдралд шилжиж байна. Энэ амжилтад хамтдаа хүрсэн хамт олноороо би маш их бахархаж байна. Финланд нь цэвэр устөрөгч, түүнээс гаргаж авдаг түлшээр тэргүүлэх улс болох зам нээгдлээ. Ар араасаа олон төсөл дагалдана гэдэгт найдаж байна” гэж тэр хэлжээ.

Устөрөгчийн түлшээр газрын тос, байгалийн хий зэрэг малтмал түүхий эдээс гаралтай түлшийг бүрэн орлуулбал дэлхийн уур амьсгалыг өөрчилж буй хүлэмжийн хийн ялгаруулалтыг эрс бууруулах боломжтой юм.

Ойрын жилүүдэд Финланд улс тээврийн салбартаа ногоон устөрөгчийн түлш нэвтрүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх төлөвлөгөөтэй байна.

“Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө ногоон устөрөгчийн түлш рүү шилжиж эхлэхийг би компаниудад уриалж байна. Өөрчлөлтийг хүлээх хэрэггүй, шууд эхлүүл гэж би уриалмаар байна. Ингэвэл та бүхэн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, 2030-аад он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй найдвартай эрчим хүчний хангамжтай болж чадна” гэж Плит хэлжээ.

Тус компани Финландын өөр хоёр газарт тус бүр 40 MW болон 100 MW хүчин чадалтай хоёр үйлдвэр нэмж байгуулахаар төлөвлөсөн байна.

 

Эх сурвалж: Reuters