Өөрийг нь хүчиндэхийг завдсан этгээдийн хэлийг тас хазсан эмэгтэйн хэргийг 60 жилийн дараа дахин нягтлах шийдвэрийг Өмнөд Солонгосын дээд шүүх өнөөдөр өглөө гаргажээ.
Энэ нь тус улсын түүхэнд хамгийн маргаантай шүүхийн шийдвэрүүдийн нэгд тооцогддог юм.
Хохирогч Чой Мал Жа 1964 онд 18 настай байхдаа өөрийг нь хүчиндэхийг завдсан 21 настай эрэгтэйн хэлний 1.5 см урт хэсгийг тас хазаж байжээ.
Тэрбээр аргагүй хамгаалалт үйлдсэнээ мэдүүлсэн ч шүүх хүлээж аваагүй бөгөөд бусдын биед ноцтой хохирол учруулсан хэргээр зургаан сарын хорих, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноож байсан юм.
Халдлага үйлдсэн этгээд бусдын эзэмшилд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, айлгаж сүрдүүлсэн хэргээр бас ижил зургаан сарын хорих, хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонсож байжээ.
Хохирогч эмэгтэй 2020 онд анх өөрийг нь буруу шүүсэн, гэмт хэрэг хүчээр хүлээлгэсэн үндэслэлээр олон жилийн өмнөх шүүхийн шийдвэрийг давж заалдсан юм.
Анхан шатны шүүх түүний хүсэлтийг баримт нотолгоо хангалтгүй гэсэн үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан байна.
Тэгвэл дээд шатны шүүх өнөөдөр уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин нягтлуулахаар анхан шатны шүүхэд буцаажээ.
“Баривчлах, цагдан хорих ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, зөвшөөрөлгүй хэрэгжсэн байх магадлал өндөр байна” гэж дээд шүүхийн дүгнэлтэд тайлбарласан байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!