Уншиж байна ...

Японы нэг хөрөнгийн биржийн захирал охидын хормой доороос зураг авч байгаад баригджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Фүкүока Хөрөнгийн Биржийн өндөр албан тушаалтан галт тэргэнд өсвөр насны охидын хормой доороос зураг авахыг оролдоод баривчлагдсаныг Японы орон нутгийн цагдаагийн газар өчигдөр нийтэд мэдээлжээ.

Тус биржийн 62 настай гүйцэтгэх захирал Шиничи Сакаи өмнөх өдрийнх нь 12:50 цагийн үед орон нутгийн галт тэргээр зорчиж явахдаа эсрэг талын суудалд суусан 17 настай ахлах сургуулийн сурагч хоёр охины зургийг таблетынхаа камераар авсан юм байна.

Тэрбээр баривчлагдсаныхаа дараа өөрийгөө буруугүйг батлахдаа “Би зөвхөн тэдний хөлийн зургийг авсан” гэж цагдаа нарт мэдүүлсэн гэнэ.

Камерын товч дарах чимээг сонссон охид Микүнигаока өртөөнд Сакайг буух үеэр өртөөний ажилтнуудад мэдэгдсэн байна.

Хожим цагдаа нар түүний таблет дээрээс нууцаар авсан охидын зургийг илрүүлжээ.

Сүүлийн жилүүдэд Японд охид бүсгүйчүүдийн биеийн нууц хэсгийн зургийг зөвшөөрөлгүйгээр авах гэмт хэрэг нэмэгдэж байгаа.

2021 онд тус улсад нийт 5,000 гаруй хүн ийм хэрэг үйлдээд баривчлагдсан нь 2010 оны тооноос гурав дахин өссөн үзүүлэлт байжээ.

Онгоцны бүхээгийн 10 ажилтан тутмын долоо нь ийм гэмт үйлдлийн хохирогч болж байснаа мэдүүлснийг 2023 оны гуравдугаар сард нийтлэгдсэн Японы үндэсний агаарын тээврийн үйлдвэрчний эвлэлийн судалгааны тайланд дурдаж байв.

Өмнө нь ийм хэргийг орон нутаг бүр өөрийн үзэмжээр шийддэг байсан бол Японы эрх баригчид 2023 оны долдугаар сард албан ёсоор бэлгийн хүчирхийллийн нэг төрөлд тооцдог болгон хуульчилж, зөрчигчийг гурван жил хүртэл шоронд хорих, эсвэл гурван сая хүртэл иенээр ($19,460) торгодог болжээ.

 

Эх сурвалж: Kyodo News