Уншиж байна ...

Азербайжаны эрх баригчид улс орныг нь “доромжилсон” үндэслэлээр Оросын парламентын гишүүнд хилийн хориг тавив

Т.Давааням, ikon.mn
3 цаг 56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Оросын төрийн думын гишүүн Николай Валуевыг хилээр нэвтрүүлэхийг хориглож байгаагаа Азербайжаны гадаад хэргийн яам Даваа гарагт зарлажээ.

Валуев тус улсын иргэдийг ОХУ-ын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлддэг гэж буруутгасан нь ийм арга хэмжээ авах үндэслэл болсон байна.

“Николай Валуевын хийсэн Азербайжан улс болон манай ард түмнийг доромжилж, сүрдүүлсэн утгатай мэдэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гаргасан зохисгүй үйлдэлтэй нь холбогдуулан түүнийг Бүгд Найрамдах Азербайжан Улсын нутаг дэвсгэрт нэвтрэхийг хориглосон хүмүүсийн жагсаалтад нэмж байна” гэж яамны мэдэгдэлд өгүүлжээ.

Хүнд жингийн боксын дэлхийн аварга асан Валуев нь Азербайжанд нэвтрэхийг хориглосон Оросын гурав дахь хууль тогтоогч болж байгаа юм байна.

Өнгөрсөн долоо хоногт Бакугийн эрх баригчид тус улсад үйл ажиллагаа явуулдаг Оросын соёлын төвийг “бүртгэлийн зөрчилтэй” гэсэн үндэслэлээр хаасан юм.

Үүнд бухимдсан Валуев “Тэдний Орос улсад нөлөөлдөг гол хэрэгсэл нь цагаачид. Тэднийг хуулийн шүүлтүүрээр оруулах хэрэгтэй. Хууль бус цагаачлал, татвараас зайлсхийх, аж ахуйн нэгжүүдэд хяналтаа тогтоох зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа тэднээс илрэх болно” гэж Телеграм хуудсандаа бичиж байжээ.

Өнгөрсөн сард Азербайжаны нэг хэвлэл Баку дахь Оросын соёлын төв тагнуулын үйл ажиллагаа явуулдаг талаар мэдээлж байсан юм.

ОХУ-ын гадаад хэргийн яам үүний хариуд Москва дахь Азербайжаны элчин сайдад эсэргүүцэл илэрхийлж байжээ.

Хилийн чанад дахь Оросын соёлын төвүүдийг удирддаг Россотрудничество агентлагийн тэргүүн Евгений Примаков дээрх мэдээг цацсан Баку ТВ хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүхэд өгөхөө мэдэгдэж байв.

Үүнээс гадна өнгөрсөн Пүрэв гарагт Азербайжаны эрх баригчид АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) тус улс дахь үйл ажиллагааг “хуулийн үндэслэлээр” хориглосон юм.

Өнгөрсөн оны сүүлээр Азербайжаны иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг Оросын тал пуужингаар харваж сүйрүүлсний дараа Баку-Москвагийн харилцаа муудаад байгаа.

Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев онгоцыг нь Оросын тал унагасан гэж үзэж байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн ч Москвагийн эрх баригчид үүнийг үгүйсгэсээр байгаа юм.

 

Эх сурвалж: AFP