Бямба гарагт Хятад улсын иргэний хэрэг эрхлэх яам 2024 оны тоо баримтаа танилцуулахад бүртгүүлсэн гэрлэлтийн тоо түүхэн доод хэмжээндээ хүрч буурсан нь харагджээ.
Тухайлбал өнгөрсөн онд тус улсад 6.1 сая хос гэрлэлтээ бүртгүүлсэн нь өмнөх жилээсээ 20.5 хувиар буурсан үзүүлэлт, ийм төрлийн статистик мэдээлэл хөтөлж эхэлсэн 1986 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болжээ.
Бээжингийн эрх баригчид хүн амын хөгшрөлт, хүүхэд төрөлт буурах үзэгдэлтэй тэмцэхийн тулд янз бүрийн арга хэмжээ авч байгаа ч үр дүн харагдахгүй байгаа.
Жил бүрийн шинэ гэрлэлтийн тоо Хятадад 2013 оноос хойш тасралтгүй буурч байснаа 2023 онд өссөн нь цар тахлын хорио цээр цуцлагдсантай холбоотой түр зуурын үзэгдэл байжээ.
Тэгвэл энэ уналт 2024 онд буцаад үргэлжилсэн байна.
Хятад улсын түүхэнд хамгийн олон буюу 13 сая хос гэрлэлтээ бүртгүүлсэн жил 2013 он байжээ.
2024 онд эсрэгээрээ гэр бүл салалт бага зэрэг өссөнийг тоо баримт харуулж байна.
Өнгөрсөн онд 2.3 сая хос гэр бүлээ салгах хүсэлт гаргасан нь 2023 оныхоос 28,000 орчмоор өссөн үзүүлэлт болжээ.
Хятадын эрх баригчид гэр бүлээ салгах хүсэлт гаргасан хосуудад 30 хоногийн “бодох хугацаа” өгдөг журмыг 2021 онд нэвтрүүлсэн юм.
Зарим шүүмжлэгчид үүнийг гэр бүлийн хүчирхийллээс салах гэсэн эмэгтэйчүүдэд саад учруулдаг гэж үздэг.
Хятад улсын хүн ам сүүлийн гурван жил дараалан буураад байна.
Зөвхөн өнгөрсөн онд 16-59 насныхан буюу ажил хөдөлмөр эрхлэх насны хүн амын тоо 6.83 саяар хорогдсон юм.
Эсрэгээрээ 60 ба түүнээс дээш насныхны тоо жил бүр өссөөр нийт хүн амын 22 хувийг эзэлдэг болоод байна.
Хүн амын бууралтыг зогсоохын тулд Хятадын эрх баригчид залуусын дунд “сохор болзоо” зохион байгуулах, бөөнөөр нь хуримлуулах, эмэгтэйн гэр бүлд инж өгдөг хуучны уламжлалыг халах зэрэг янз бүрийн арга хэмжээ авсаар байгаа.
Зарим орон нутгийн захиргаа гэр бүл болсон хосуудыг бэлэн мөнгөөр урамшуулдаг болжээ.
Хүн ам зүйн энэ хямралыг Хятадад олон жил хэрэгжсэн “нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогын уршиг гэж зарим судлаачид үздэг.
Тус улс 2015 онд хүн амын хэт өсөлтийг хязгаарлах энэ бодлогоо зогсоож, гэр бүлүүдэд эхлээд хоёр, дараа нь 2021 онд гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрч байсан юм.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!