Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн Ч.Алтаннавчтай ярилцлаа. Тэрбээр 13 жил ХАБЭА мэргэжилтнээр ажилласан ба Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслүүдийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг хариуцан ажилладаг.
-Төслийн нэгжийн хувьд хамгийн эхний ашиглалтад орсон бүтээн байгуулалт бол Нүхэн гарцын төсөл. Энэ төсөлд ямар эрсдэл байдаг вэ?
-Барилга угсралтын ажлын үед хүн дарагдах, өндрөөс унах, машин механизмд мөргүүлэх зэрэг аюултай. Дээрх аюулыг хяналтдаа аваагүйгээс амь нас эрсдэх, хөдөлмөрийн чадвараа алдах, өмчийн хохирлын эрсдэл үүсдэг. Эдгээр эрсдэлээс сэргийлэх, аюулгүй ажиллагааг хангах нь бидний үүрэг юм.
Манай нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж нь нийслэлийн томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж буйн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд авч үзэж, анхаарч байна. Тухайлбал Таван шарын төмөр зам доогуурх авто замын нүхэн гарцыг барих үед трассын дагуух барилга угсралтын үеийн аюулгүй ажиллагааг хангаж ажилласан. Мөн борооны ус зайлуулах суваг шуудууны ажил гүйцэтгэх явцад бохир усны шугам гарч ирсэн л дээ. Хэрэв 1-2 сарын турш малталт хийвэл тухайн шугам унах, тасрах аюул байсан. Тиймээс гүйцэтгэгч байгууллагуудтай хамтраад аюулыг хяналтад авч шуудуу татах, эрэг нурахаас болгоомжилж, аюулгүйн бүс зайг тодорхойлон газар шорооны үеийн мөргөцөг доголуудыг бий болгон ажилласан юм.
-Нүхэн гарц барьж байгуулахтай холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилласан бэ?
-Таван шарын нүхэн гарцын ойролцоо цэцэрлэг, сургууль, автобусны буудлууд, цагдаагийн хэлтсүүд байдаг. Ард иргэд олноор зорчдог байршил учраас нийтийн зорчих хөдөлгөөний эрчим их байсан. Иймд тухай бүрд зорчигчдын хөдөлгөөнийг чиглүүлэх ажлыг зохион байгуулснаас гадна ажлын талбайд хатуу хаалт хамгаалалт тавьж, тэмдэг тэмдэглэгээ байршуулж ажилласан.
-Нүхэн гарц барих явцад иргэдийн зүгээс хүндрэл учруулж байв уу?
-Аливаа барилга угсралтын ажлыг эхлүүлэхийн өмнө иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, тухайн төслийн ач холбогдол, аюул эрсдэлийг таниулах нь маш чухал байдаг. Нөгөө талаасаа иргэдийн зүгээс бүтээн байгуулалтын ажлыг ойлгоосой, инженер мэргэжилтнүүдийн ажлыг хүндэтгэдэг байгаасай. Тухайлбал нүхэн гарц I төслийг хэрэгжүүлэх үед зарим иргэд тодорхой үнэн бодит мэдээллийг хүлээн авсан ч ажлын талбайд ирж хөдөлгөөнийг шүүмжлэх, зааварчлах, хүндрэл учруулах тохиолдол бишгүй байсан.
Түүнчлэн дугуйтай, мотоциклтэй иргэд, хүүхэдтэй, хүүхдээ тэвэрсэн иргэд замын дөтийг бодож хаалт хамгаалалттай хэсгээр зорчих гэж оролдсон тохиолдол бишгүй байв. Иймд өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлаа бодож, аюулгүй газраар явж байгаарай гэж онцгойлон хэлмээр байна. Мөн “Метро” төслийн геотехникийн өрөмдлөгийн ажлын үед явган зорчигчид тэмдгийн дүрмийг дагаагүйгээс гэмтэх аюулууд гарч байсан ч, осол хүндрэл гараагүй.
-Метро төслийн геотехникийн судалгааны өрөмдлөгийн ажил дээр ямар дүрэм журам баримталж ажилласан бэ?
-Метро төслийн хүрээнд нийт 42 цэгт геотехникийн судалгааны өрөмдлөг хийсэн. Нийтийн эзэмшлийн зорчих хөдөлгөөний эрчим ихтэй газруудад судалгаа хийсэн бөгөөд тухайн талбайн гадна талаар хатуу хашаа татаж анхааруулга тавьсан.
Машин механизмын аюулгүй ажиллагаа, дуу чимээ, зорчих хэсгийн хөдөлгөөн гэх мэт аюулгүй байдлыг тус талбай дээр хангаж ажиллах талаар зааварчилж, түүний дагуу хэрхэн ажиллаж буйг хяналт шалгалтаар баталгаажуулсан. Энэ ажил нь аюул, эрсдэлгүй дууссан.
-Тун удахгүй дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил эхэлнэ. Аюулгүй ажиллагааг хэрхэн ханган ажиллах вэ?
-Ашиглалтын үеийн процесс нэг өөр, барилгажих үеийн процесс нэг өөр. Барилгажих үед хамгийн ихдээ 42 метрийн өндөр тулгуур тавигдана. Тэрхүү 42 метрийн өндөр тулгуурын суурийг хийх, тулгуур босгох зэрэг нарийн ажил, ажилбаруудыг хэн, ямар арга техник, аргачлалаар барьж байгуулах вэ гэдэг нь чухал. Хамгийн чухал нь оролцож байгаа хүмүүс аюулгүй байх ёстой. Аюулгүй байхын тулд Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль, дүрэм, журмыг сахин хангаж ажиллах нь чухал юм. Ажил эхлэхээс дуусах хүртэлх бүх процессод ХАБЭА инженер сануулна, зөвлөнө, сургана, хянана, дахин дахин зааварчилна. Хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг бол тал талын оролцоо, дэмжлэгээр л хэрэгждэг ажил.
-Дүүжин замын тээвэр аюулгүй тээврийн хэрэгсэл мөн үү?
-Барилга угсралтын үеийн болон дүүжин замын тээврийг ашиглалтын үед дагаж мөрдөх Европын Холбооны 20 орчим стандартыг орчуулаад Стандарт хэмжил зүйн газраар батлуулж MNS болгон мөрдлөг болгоход бэлэн болсон. Тухайн 20 орчим стандарт нь хүн тээвэрлэх зориулалт бүхий дүүжин замын тээврийн ашиглалтын үеийн шаардлагуудыг цогцоор нь багтаасан. Тус төслийн ашиглалтыг хариуцан ажиллах байгууллага нь уг стандартуудыг мөрдөж ажиллах нь маш чухал. Дээрх стандартуудад гэнэтийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж өндөрт кабин зогссон тохиолдолд хэрхэн ажиллахыг оруулсан байдаг. Жишээлбэл Европт 100 метрийн өндөрт кабин зогссон байхад зорчигчдыг аюулгүй буулгахдаа төлөвлөгөөнд тусгагдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ. Буулгах үед орчин нь ямар байх вэ, тухайн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах уу, ямар техник хэрэгсэл ашиглах зэргийг тодорхой тусгаж оруулсан байдаг.
Дүүжин замын тээвэр төсөлд 7.5-42 метрийн өндөртэй 19 тулгуур баганууд босгоно. Барилгажих үеийн аюулгүй байдлыг хангах явцад ямар ямар эрсдэлүүд тулгарч болох вэ гэдгийг эрсдэлийн үнэлгээ хийж тодорхойлоод гүйцэтгэгч байгууллагатай ярилцаад эрсдэлээ хяналтдаа авч хамтран ажиллана.
Мөн дүүжин замын тээвэр ашиглалтад орсны дараа бүрэн хүчин чадлаар ажиллах үеийн технологийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийг гурван сарын хугацаанд хийнэ. Энэ үед хүн, зорчигч огт тээвэрлэхгүй. Бүрэн хүчин чадлаараа ажиллах үеийн туршилтыг тухайн кабины багтаамжаас шалтгаалж түүнтэй дүйхүйц жинтэй ус, шуудайтай элс зэргээр орлуулан туршдаг. Улаанбаатар кабель кар төслийн хувьд нэг кабинд 10 хүн суух боломжтой бөгөөд өвлийн цагт шуудайтай элс, зуны цагт усаар орлуулан 850 кг элс, усыг кабинд байршуулж шат дараалалтайгаар нийт гурван сарын хугацаанд турших юм.
-Иргэдийг бүтээн байгуулалтуудад хэрхэн хандаасай гэж хүсэж байна вэ?
-Хотын сайн сайхны төлөө таны оруулах хувь нэмэр бол инженерийн бүтээн байгуулалтуудыг дэмжиж, ойлгож, хүндэтгэлтэй хандах явдал юм.
Хориглож байгаа үед хориглосон газраар явахгүй байх, хаасан үед нь хаасан байна гэдгийг харгалзаж, ойлгож өөр зорчих маршрутуудыг сонгож өөрийн цагаа төлөвлөх хэрэгтэй гэж бодож байна.
Эх сурвалж: Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!