Уншиж байна ...

Л.Амармөрөн: "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдааны үеэр эргүүл ажиллуулна

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 8 цаг 28 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баярт зориулсан "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдааг энэ долоо хоногийн Бямба гараг буюу хоёрдугаар сарын 1-27-ныг дуустал Их наяд плаза худалдааны төвийн зургаадугаар давхарт 09:00-20:00 цагийн хооронд зохион байгуулахаар болсныг албаныхан мэдээлсэн.

Үзэсгэлэн худалдааны үеэр гэмт хэрэг зөрчлөөс сэргийлж эргүүл ажиллуулах юм байна.

Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын Хэв журмын хэлтсийн дарга Л.Амармөрөн “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгж байгууллагууд тодорхой үүрэг хүлээсэн байх шаардлагатай. Үүний дагуу үзэсгэлэн худалдаанд оролцож буй аж ахуйн нэгжүүдтэй уулзан, мэдээллээр хангах, камерын хяналтыг шалгах зэрэг бэлтгэл ажлыг хийж байна.

Мөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах хугацаанд манай байгууллагаас хэв журам сахиулах эргүүл ажиллуулна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд бүхий л төрлийн сувгаар дамжуулан хүргэхээр төлөвлөсөн” гэв.

“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1,000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчийн 50 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хүргэх аж.

Өнгөрсөн жил зохион байгуулагдсан уг үзэсгэлэн худалдааны үеэр 20 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр 230 мянга гаруй иргэнд үйлчилж, нийт 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.