Уншиж байна ...

“Духуа инженеринг” компани Улаанбаатар хотод метро барих ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгасан байна

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 8 цаг 00 минут
iKon.MN
Зураг зураг
Бээжин хотын метро. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар метроны инженер геологийн судалгааны хүрээнд трассын 19.4 км уртад 42 цэгт, газрын гадаргаас 30 метрийн гүнд өрөмдлөг хийж, лабораторийн шинжилгээгээр хөрсний бүтэц, уян налархайн коэффициентийг тодорхойлжээ.

Гидрогеологийн судалгаагаар туннелийн өрөмдлөгийн явцад усны судал таарах эрсдэлүүдийг тодорхойлж, ус зайлуулах зохицуулалтыг төлөвлөсөн байна.

БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн түншлэл метро барих ТЭЗҮ-ийг нэгдүгээр сарын 20-нд боловсруулж дуусгажээ. ТЭЗҮ-ийг Барилгын хөгжлийн төв, Зам тээвэр хөгжлийн төвөөр хэлэлцүүлэн магадлуулах юм байна. Улмаар төсөвт өртөгт орсон өөрчлөлтийн дагуу НИТХ-аар төсөвт өртгийг шинэчлэн тогтоож баталсны дараа EPC гэрээ, эцсийн сонгон шалгаруулалтын тендерийг зарлах аж.

Улаанбаатар хотод ФИДИК буюу Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны жишиг гэрээний дагуу бүтээн байгуулалтын төслүүдийн тендерийг шалгаруулж байгааг албаныхан мэдээлэв.

Төслийн зөвлөх үйлчилгээний нийт төсөвт өртөг 181 тэрбум 935 сая төгрөг бөгөөд БНСУ-ын “Духуа инженеринг” компани 145 тэрбум 911 сая төгрөгөөр гүйцэтгэх санал ирүүлж, тендерт шалгарсан билээ.

Анх метрог 14 өртөөтэйгөөр төлөвлөж байсан бол 15 болгож нэмэгдүүлсэн бөгөөд 2028 онд туршилтын үе эхлэх гэнэ.

Энэ талаар Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалай "Өртөөний зай ойрхон байх тусам зорчигч бууж суухад хялбар, явган алхах нь багасна. Гэхдээ өртөө хэт ойрхон байвал метро байн байн зогсож, тээврийн хурд удаашрах сөрөг талтай байдаг. Иймд манай улсад хэрэгжүүлэх метроны өртөө хоорондын зайг дунджаар 1.3 км байхаар төлөвлөсөн нь дэлхийн туршлага, мэргэжлийн зөвлөх компанийн зөвлөгөөнд үндэслэсэн шийдвэр юм. Энэ нь дур мэдэн, дуртай газруудад өртөө байгуулах гэсэн ойлголт биш бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоолол.

2028 онд барилгын ажлууд ерөнхийдөө дуусах боловч үүний дараа төмөр зам, хөдлөх бүрэлдэхүүнийг туршин зүгшрүүлэх, боловсон хүчнийг дадлагажуулах, системийг шалгах зэрэг ажилд жил гаруйн хугацаа шаардагдана.

Тиймээс 2028 онд барилгын ажил дуусна гэх нь метроны шууд нээлт биш, харин туршилтын үе шат эхлэх хугацаа юм. Метроны ашиглалтад орох тов 2030 оны наймдугаар сар" гэв.

Метроны трассын урт 19.4 км, нийт 15 өртөөтэй, 36.5 км/цагийн хурдтай, өртөө хоорондын дундаж зай 1.3 км бөгөөд цагт 17,200 зорчигч тээвэрлэх юм байна.