Уншиж байна ...
Зураг
Зураг

Олон жилийн турш эхнэрээ мансууруулаад бусдаар хүчиндүүлдэг байсан эрд Францын шүүх 20 жилийн хорих ял оноолоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
6 цаг 5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дахиныг цочроосон ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн шүүх хурал өчигдөр Франц улсад өндөрлөж, шийдвэрээ зарлажээ.

Тус улсын иргэн Доминик Пеликот 50 жил хамт амьдарсан эхнэр Жизелээ арав орчим жилийн турш мансууруулж, ухаангүй болгосны дараа бусдад хүчиндүүлдэг байсан нь илэрсэн юм.

Тэрбээр интернэтээр танилцсан хүмүүст эхнэртэйгээ бэлгийн харилцаанд орох санал тавьдаг байжээ. Нөхрийнхөө өгсөн өндөр тунтай эмд мансуурч, ухаан алдсан хохирогч энэ талаар огт мэдээгүй байсан нь олон жилийн дараа илэрсэн юм.

Шүүх хуралд Пеликотын саналыг хүлээн авч, гэмт хэргийн хамтрагч болсон 50 хүн яллагдагчаар оролцсон юм.

Таван хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг өчигдөр Доминик Пеликотод 20 жилийн хорих ял оноожээ.

Түүнд болон бусад 50 яллагдагчид одоо шүүхийн шийдвэрийг давж заалдах 10 өдрийн хугацаа байгаа юм байна.

Бусад 50 хэрэгтэнд прокурорууд 4-18 жилийн хорих ял төлөвлөснийг шүүх бууруулж оноох шийдвэр гаргажээ.

Нийт шүүгдэгчдийн 47 нь хүчин, хоёр нь хүчиндэхийг завдсан, хоёр нь бэлгийн халдлага үйлдсэн хэргээр яллагдсан юм.

зураг
 

Францын өмнөд бүсийн Авиньон хотод гурван сар үргэлжилсэн шүүх хурал ийнхүү өндөрлөж байна.

72 настай Доминик Пеликот буруугаа хүлээж, гэр бүлийнхнээсээ уучлал гуйжээ.

Бусад шүүгдэгчдийн олонх нь өөрт тулгасан ялыг эсэргүүцэж, хүчингийн хэрэг үйлдээгүй, харин гэр бүлийн хосын тохиролцсон сэкс тоглоомын нэг хэсэг болсон гэж үзэж байснаа мэдүүлж байв.

72 настай хохирогч Жизел шүүх хурлын үеэр нэрээ нууцлах эрхээсээ татгалзаж, бусад эмэгтэйчүүдэд анхааруулга болгох үүднээс нөхрийнхөө үйлдсэн аймшигт дүрс бичлэгүүдийг үзүүлэхийг шаардаж байжээ.

“Би ичихгүй байхаар шийдсэн. Тэд л ичих ёстой хүмүүс” гэж Жизел аравдугаар сард шүүх хурлын үеэр хэлж байсан юм.

зураг
 

Өчигдөр тэдний хүүхдүүд болох Дэвид, Каролин, Флориан нар шүүхийн шийдвэрийг сонсохоор ээжийнхээ хамт ирсэн байна.

Тэд аавдаа оноосон ялыг хэтэрхий хөнгөдсөн гэж үзэж байгаагаа өмгөөлөгчөөр дамжуулан илэрхийлжээ.

Энэхүү дуулиант хэрэг ил болсны дараа Франц даяар Жизелийг дэмжих хөдөлгөөн өрнөж, нийгэмд бэлгийн гэмт хэрэгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөх эсэх талаар өргөн маргаан мэтгэлцээн үүссэн юм.

 

Эх сурвалж: AFP