Уншиж байна ...
Зураг
Зураг

Ачааны хөлөг осолдсоны дараа Оросын Хар тэнгисийн эрэг газрын тосоор бохирджээ

Т.Давааням, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хар тэнгисийг Азовын тэнгистэй холбодог Керчийн хоолойд газрын тос тээвэрлэгч хөлөг осолдсоноос хойш хоёр хоногийн дараа асгарсан түлш нь Оросын нутаг дэвсгэрийн Хар тэнгисийн эрэгт хүрчээ.

Өчигдөр өглөө Краснодар мужийн захирагч Вениамин Кондратьев “Тэнгист асгарсан газрын тосны бүтээгдэхүүн эргийн хэдэн арван километр урт үргэлжилсэн хэсгийг бүрхээд байна” гэж Телеграм хуудсандаа бичсэн байна.

Сошиалд тарсан дүрс бичлэгүүдэд амралт зугаалгын төв Анапа хот орчмын бохирдсон эргийг харуулжээ.

Зарим бичлэгт газрын тосонд хутгалдсан шувууд нисэж чадахгүй байгааг харуулсан байна.

“Би нэг шувууг наранд хатаагаад нисгэх гэж үзсэн. Гэвч өд нэг бүрийг нь угааж цэвэрлэхгүй бол боломжгүй юм байна” гэж нутгийн эмэгтэй хэвлэлд ярьжээ.

Ням гарагт Керчийн хоолойд “Волгонефть 212” хөлөг дундуураа хоёр хуваагдсанаас 3,000 гаруй тонн мазутын түлш тэнгисийн усанд асгарсан байж болзошгүйг Оросын төв хэвлэл мэдээлсэн юм.

Энэ өдөр хоёр дахь хөлөг “Волгонефть 239” бас тэнгисийн шуурганд сүйдэж байв. Хоёр хөлөг дээр байсан нийт 26 хүнийг аварсан бол нэг ажилчин хүйтэн усанд осгож амь үрэгдсэн юм.

Хөлгүүд нийтдээ 9,000 орчим тонн мазут тээвэрлэж явжээ.

Мазут нь хуучин Зөвлөлтийн үеийн цахилгаан станцуудад ашигладаг газрын тосны бага агууламжтай түлш юм.

Осолдсон хөлгүүдийн аль аль нь 50-аас дээш жилийн насжилттай байжээ.

Украины Greenpeace байгууллага мазут асгарсны улмаас Хар болон Азовын тэнгисийг холбосон бүс нутаг байгаль орчин ноцтой сүйрэлд хүрч болзошгүйг  анхааруулсан юм.

Тэнгисийн эргийг бохирдлоос цэвэрлэх ажилд 267 хүн, 50 техник хэрэгсэл дайчлагдсаныг Краснодар мужийн захирагч мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Moscow Times