Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн дарга Ч.Ганхуягийг бусдын биед халдсан гэм буруутай гэж үзсэн тул 1.350.000 төгрөгийн торгууль оноосон юм.
Тэгвэл өнөөдөр уг асуудлаар Ч.Ганхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Би ямар нэгэн гэм буруутай зүйл хийгээгүй. Болж байсан зодооныг салгасан. Шүүх шийдвэр гаргахдаа явцуу баримтаар буруу шийдвэр гаргасан гэдгийг онцолъё.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд миний зургийг ашиглаад төлбөртэй мэдээг сайтуудаар явуулсан.
Манай "Ард санхүүгийн нэгдэл"-д 110,000 орчим хувьцаа эзэмшигчид байдаг. Нэгэнт хариуцлагатай алба хашиж байгаа тул тэр хүмүүст үнэн зөв мэдээлэл өгөх ёстой гэж үзсэн тул хэвлэлд хандаж байна.
Ард койныг гэхэд 400,000 гаруй иргэн эзэмшдэг. Хувьцаа болон койны ханш аливаа мэдээлэлтэйгээр холбоотойгоор дээшээ өгсөж, буурдаг. Үүний цаана иргэд мөнгөөрөө хохирдог.
Энэ иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх үүднээс хэвлэлийн хурал зарлалаа.
Тэр үед болсон хэргийн талаар товч мэдээлэл өгье. 2022 оны арванхоёрдугаар сард "Zu" гэдэг клабт хүүхэд, дүү, тэдний найз нөхөдтэй нь цуг орсон. Энэ үеэр зодоон болоход нь би оролцож салгасан. Илүү гайтай зүйл болохоос урьдчилан сэргийлсэн.
н.Дашноров гэдэг залуу төрсөн өдрөө тэмдэглээд хөлчүүрхсэн залуучууд зодооныг эхлүүлсэн юм. Тэд шал согтуу байсан.
Шүүх хурал болох гэж хоёр жил болсон. Энэ хооронд би өөрөө хохирогч болоод шүүх эмнэлгээс нотлогдчихоод байхад хэдэн сарын дараа мөрдөгчийг сольсон. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мөрдөгч нэг бус удаа солигдсон.
Прокурор нь хоёр удаа солигдсон. Ингэж явсаар миний хохирогч гээд гомдол гаргасан хэрэг маань явсаар байгаад би өөрөө гэмт хэрэгтэн болсон.
Хамгийн аюултай нь миний гаргасан гомдлыг прокурор, улсын яллагч хоёр хүчингүй болгоод намайг яллахаар "Шударга бусын хонгил"-оор чирч байна. Үүний цаана эдийн засгийн ашиг сонирхол байгаа юм уу, УИХ-ын сонгуульд намайг дэвших нь гэдгээс айсандаа хойш нь татах ажиллагаа байсан уу гэдгийг хэлж мэдэхгүй байна.
Хохирогч эмэгтэй шүдэндээ имплант хийлгэх баримтаа гаргаж ирээд, мөнгөө бид нараас нэхэмжилсэн. Шүүхээс энэ хүний хохирлыг 1,200,000 гээд гарчхаад байхад 50,000,000 гаруй сая төгрөг нэхэмжилсэн байдаг. Өмгөөлөгчтэйгөө нийлж байгаад мөнгө салгаж авах арга байсан. Түүн дотор Ч.Ганхуяг гэдэг нэр яваа учраас сайтуудын толгой мэдээлэл дээр тавьж байгаад мөнгө саах арга боллоо.
Ямартай ч энэ хэрэг дээр бид давж заалдана. Мөн iSee.mn сайтыг шүүхэд өгөхөөр бэлдэж байна. Хүний нэр төрд хаа хамаагүй халдаж болохгүй. Өнөөдөр энэ хэвлэлийн хуралд манай өмгөөлөгчдийг оролцуулж болохгүй гэсэн. Ингэж хүний эрхийг боогдуулж болохгүй" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
46 СЭТГЭГДЭЛТЭЙ
|